Түрүү бөхийг 29 мянган ногооноор байлжээ
2012-10-15

Өчигдөр ОХУ-д өндөрлөсөн чөлөөт бөхийн нэгэн олон улсын тэмцээнээс Муслим Дадаев гэгч чечень залуу 40 сая шахам төгрөгийн шагналтайгаар гэртээ харилаа. Чечений Грозный хотноо болдог Адлан Вараевийн нэрэмжит "Рамзан Кадыровын цом"-ын төлөө тэмцээний жин бүрийн аваргыг 19 мянган ам.доллараар урамшуулах, тэр дундаа 74 кг-ийн аваргыг нэмж 10 мянган ногооноор мялаах зар нь орон орны шилдгүүдийг урин дуудсан гэхэд болно. Олимпийн гурван удаагийн аварга Бувайсар Сайтиев, дэлхийн хошой аварга Адлан Вараев зэрэг Чечений алдарт бөхчүүдийн амжилтад хүрсэн 74 кг-ийн жинг тэмцээн зохион байгуулагчид ийн онцгойлон үзсэн бөгөөд 36 настай Рамзан Кадыров нь Чечений БНУ-ын өнөөгийн төрийн тэргүүн билээ. 12 орны бөхчүүд оролцсон тэмцээний аваргаар 55 кг-д Нариман Исрапилов, 60 кг-д Александр Богомоев, 66 кг-д Расул Жукаев, 74 кг-д Муслим Дадаев, 84 кг-д Альберт Саритов, 96 кг-д Шамиль Ахмедов (бүгд ОХУ), 120 кг-д Алан Зебисов (Азербайжан) нар тодорсон байна. М.Хатанбүүвэй
Shuud.mn
Сонин хачин