Д.Медведев тамхидалтын эсрэг хатуу арга хэмжээ авахыг дэмжлээ
2012-10-17

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев тамхидалтын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг дэмжиж байна. Тэрээр тамхидалтаас үүдэлтэй өвчлөлөөс болж жилд 400.000 гаруй хүн нас барж байгааг анхааруулжээ. Оросын засгийн газар тамхины бүх төрлийн сурталчилгаа болон олон нийтийн газар тамхи татахыг хориглосон заалт бүхий хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Гэхдээ энэ хуулийн төслийг парламентаар хэлэлцсэний эцэст батлах эсэхээ шийднэ. ДЭМБ-аас мэдээлснээр Оросын насанд хүрсэн нийт хүн амын 40 хувь нь тамхи татдаг гэнэ. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад маш өндөр үзүүлэлт ажээ. Хойд хөршид нэг хайрцаг тамхи нэгээс хоёр долларын үнэтэй бөгөөд баар, ресторан зэрэг ихэнх олон нийтийн газруудад тамхины утаа суунагласан байдалтай байдаг. Сүүлийн арван жилийн хугацаанд Орост тамхи татдаг хүний тоо нэмэгдсэн бөгөөд тамхины үнэ болон зар сурталчилгааг зохицуулсан хууль дүрэм төдий л үр дүнтэй хэрэгждэггүй байсаар өдийг хүрчээ. ДЭМБ-аас гаргасан статистик мэдээллээс үзэхэд 1992 онд Орост нийт эмэгтэйчүүдийн долоон хувь нь тамхи татдаг байсан бол энэ тоо 2009 онд 22 хувь болж өссөн байна. Ерөнхий сайд Медведевийн хэлснээр тамхидалтын эсрэг хатуу арга хэмжээ авах нь хүүхдүүд болон өсвөр насныханд ач тусаа өгөх аж. Хойд хөршид нийт тамхичдын 90 хувь нь 20 нас хүрэхээсээ өмнө тамхинд ордог ажээ. Э.Сонгино
Shuud.mn
Сонин хачин
nyamka:
Tamhichid gesen ni deer yum bishv Tamhidalt baihdaa yahaw de :b
2012-10-18