Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох III бага хурал хуралдаж байна
2012-10-17

“МОНГОЛ ОРНЫ УСНЫ НӨӨЦИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ӨРТӨХ БАЙДЛЫГ БУУРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ БОЛОМЖ” сэдэвт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох III - р бага хурал

 Уур амьсгалын өөрчлөлтийн байгаль экологийн тогтолцоо, байгалийн нөөцөд үзүүлэх нөлөөлөл бодит байдал болж улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, хүн, мал болон тэдний амьдралыг тэтгэх системд хүчтэй нөлөө үзүүлэх боллоо. Монгол орон нь газарзүйн байрлал, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлын улмаас уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хэлбэлзэл болон түүний нөлөөллийн улмаас сүүлийн 40 гаруй жилийн дотор Монгол орны экосистем мэдэгдэхүйц өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт нь манай орны хүрээлэн буй байгаль орчин, цөлжилт, усны хангамж болон байгалийн гамшигт үзэгдэлд нөлөөлж, үүний уршгаар ихээхэн хэмжээний хөрөнгө санхүүгийн хохирол хүлээж, байгаль орчин доройтон цаашлаад хүний амь нас үрэгдэхэд хүргэж байна. Иймээс улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авч хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах, дасан зохицох үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа юм. Иймд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Уур амьсгалын өөрчлөлтийн зохицуулах албанаас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемийн дасан зохицох нь хөтөлбөр”-тэй хамтран жил бүр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сэдвээр бага хурлыг зохион байгуулдаг. Сүүлийн 3 жил тус бага хурлаар тодорхой нэг салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс үзүүлж буй нөлөөллийн талаарх судалгааны үр дүнг хэлэлцэж, салбарын эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид хийгээд иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл хамтран дасан зохицох боломжийн талаар санал солилцон зөвлөмж гаргасан байна. Энэ жилийн гуравдугаар бага хурлыг “Монгол орны усны нөөцийн уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдлыг бууруулах, дасан зохицох боломж” сэдвийн дор 2012 оны 10 сарын 17,18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Монгол улс усны багавтар нөөцтэй оронд тооцогддог. Манай орны нууруудад 500 шоо км, мөстөлд 62.9 шоо км, гол мөрөн тэдгээрийн газрын доорх усны тэжээл 34.6 шоо км буюу нийт 599 шоо км ус байдгийг эрдэмтэд тооцоолсон байдаг. Манай орны ус ашиглалт ба хэрэглээ жилд дөнгөж 0.5-0.7 шоо км байгаа боловч улсын хэмжээнд 2007 оны усны тоо бүртгэлээр нийт 5128 гол горхи, 9306 булаг, шанд, 3747 нуур, тойром, 429 рашаан ширгэсэн дүн гарчээ. Энэ нь ус ашиглалт ба хэрэглээ бага байгаа боловч  голын сав газрын хөрс, ургамлын өөрчлөлт, аж ахуйн үйл ажиллагаа түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс  усны горим, нөөц, чанарт учруулах нөлөөлөл ихээхэн буйг харуулж байна. Иймд бага хурлаар   уур амьсгалын өөрчлөлт болон зохисгүй хэрэглээний улмаас Монгол орны усны нөөц, горимд учирч болох эрсдэлийн талаарх судалгааны үр дүнг хэлэлцэж, салбарын эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид хийгээд иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл хамтран усны нөөцийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох боломжуудын талаар санал солилцох юм. Үүний зэрэгцээ дасан зохицох арга хэмжээний үнэлгээ, мониторинг, ба санхүүжилтийн асуудлыг хэлэлцэнэ. Бага хуралд гадаад орны зочид, төлөөлөгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиад, хувийн хэвшлийг төлөөлсөн нийт 100 гаруй эрдэмтэд, судлаачид болон холбогдох мэргэжилтнүүд оролцохоор төлөвлөж байна.
Shuud.mn
Сонин хачин