Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын “Эрдмийн гэгээ”дунд сургуулийн багш нар ажлын байрандаа архи ууж согтуурсан үедээ багш Б-г бүлэглэн зодож хүнд зэргийн гэмтэл учруулсан талаар эх сурвалжийн мэдээлэл манай сайтад ирлээ.
Хэргийн талаар тодруулбал тус аймгийн Ерөнхий боловсролын “Эрдмийн гэгээ” дунд сургуулийн биеийн тамирын багш Ж сургуулийнхаа 30 жилийн ойн баярын үеэр буюу өнгөрөгч аравдугаар сарын 13,14-ны өдрүүдэд тэргүүний цол тэмдгээр шагнуулсан багш нартайгаа нийлж сургуулийнхаа хичээлийн танхимд архидан согтуурсан байна.
Тухайн үед баяр тэмдэглэх нэрээр архидсан тус сургуулийн 14 багшаас биеийн тамирын багш Ж аравдугаар сарын 14-ны оройн 16.00 цагт багш Б-г гэрээс нь дуудан авчирч хүчээр архи уулгасан аж. Ингээд түүнийг согтуурсных нь дараа Ж сургуулийн хонгилд чирч гарган зодсон гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байна.
Одоогоор хохирогч Б-ын хамрын яс хугаралтай, хэвлийнд нь шингэн хуралдсан, булчингийн гэмтэлтэй, биеийн байдал нь хүндэвтэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хичээлийн танхимдаа архидан согтуурч нэгнийгээ зодож танхайрсан багш нарыг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ. Уг явдлын улмаас танхайн хэрэгт сэжигтнээр татагдсан Ж нар мөрдөн байцаалтын явцад “ Б-г бид бүлэглэн зодоогүй. Тэр согтож уначихаад хана мөргөж унаад байсан” гэж мэдүүлжээ.
Түүнлчэн саяхан Монголын Үндэсний цирк буюу одоогийн АСА циркийн багш Г.Энх-Амгалан уран нугараач охиныг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэгтээ хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй тухай дуулиан дэгдсэн.
Түүнд Эрүүгийн хуулийн 181-д зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 13 настай О-г багш нь зодсон хэрэг одоогоос нэг жилийн өмнө болж, хохирогч охины ээж өнгөрсөн оны аравдугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гарган үнэн мөнийг нь тогтоож, зохих шийтгэлийг нь хүлээлгэхийг хүсчээ.
Улмаар УМБГ-аас энэ оны гуравдугаар сарын 22-нд Г.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл нэг мөр шийдээгүй байна. Учир нь шинжилгээний дүгнэлт удааширч байгаатай холбоотой гэнэ.
Хэргийн талаар эргэн санавал АСА циркийн жүжигчид өнгөрсөн онд ОХУ-ын хотуудаар аялан тоглохдоо “Шинэ цирк” төвтэй хамтарч агаарын гимнастикийн үзүүлбэр үзүүлжээ. Ингэхдээ уран нугараач О-г сайн нугарсангүй гэсэн шалтгаанаар багш нь зодож танхайрч, биед нь хүнд гэмтэл учруулсан аж.
Н.Түвшин