МАН-ынхаан, ийм амархан “амьтан” болохгүй шүү
2011-10-22

МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд суулт хийж байна. Жагсаал хийж байна. Цаас барьж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүүр дүүрэн өчигдрийн төр засгийн удирдагч нар бүлтэгнээд сууж байгаа харагдах юм. Л.Гүндалай очиж гар бариад л, "Миний патен­тыг хулгайлахгүй шүү, та нар" хэмээн явуулаад л тун зугаатай үйл явдал болж байна. МАН ингэж гудамжинд гарахыг үздэг л юм байна гэж ярих хүмүүс олон байна. Ялагдсанаасаа хойш ямар "юм" хийх учраа олохгүй байсан МАН-ынханд Өвөрхангайн хоёрыг тангараг өргүүлэх гэсэн нь их сайн хэрэг боллоо. Энэ дээр нь нэг хөдлөхчөөн больё гэцгээсэн шиг байна. Тэд ухаандаа улс төрийн акц хийж байна шүү дээ. Ард түмэн ойлговол шүү дээ. Баасан гаригт болсон талбай дээрх цуглаан дээр хачин жигтэй юм сонслоо. МАН-ынхан "Хонхны дууг" тавьж жагс­лаа. Нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатараас "Энэ юу болж байна. Хонхны дуу бол ард­чил­лын өмч" гээтэхсэн чинь "Битгий хуц, Хонхны дуу бол ард түмний өмч" гэж уурлалаа. Ардчиллыг сэрээсэн энэ дуу хүртэл энэ намын жагсаал цуглааны эмоци болж байгаа нь цаашдаа энэ намаас их олон ёо ёо-той үйлдлийг харах юм байна гэсэн бодлыг төрүүллээ. Өнөөдөр МАН-аас УИХ-д сууж байгаа хорин хэдэн хүн дотроос шаварт унасан шарын эзэн Ө.Энх­түв­шин очсон болж харагдаад ордон руу зугтаалаа. Сү. Батболд "Энэ намыг ийм байдалд хүргэсэн нь би болохоор..." гэсэн шиг яалт ч үгүй очиж харагдлаа. Энэ намаас Их хурлын даргын өндөр сэнтийд сууж үзсэн Д.Лүндээжанцан бүр инээдтэй. Ордны баруун урд талын хашааны өнцгөөс далбийсан хар малгай тавьчихсан, нэг нүдээ аниад далжийчихсан жагсаал руу саравчилж зогсох нь сумын төвийн дотуур байрны нусгай хүүхэд шиг харагдаж байв. За тэгээд бусад дарга нар нь болох Ц.Цэнгэл, Д.Очирбат... өөр хэн хэн ч харагдав бүгд цуглагсдын араар сэмхэн холхилдох нь инээдтэй. Энэ намын идэвхтэй гишүүнд орох байхдаа, Их хуралд нэр дэвшсэн юм чинь бөх Д.Сумьяабазар юүдэнтэй цамц өмсөнгүүтээ малгайг нь углачихсан нь хүмүүст өөрийгөө таниулахгүй гэсэн хэрэг бололтой. Намаасаа ичдэг болжээ золигнууд чинь. Ил гарахыг хэн нь ч хүсэхгүй байгаа харагдана. Ялах хувь тавилан энэ намд хэзээ нэгэн цагт, хэдэн арван жилийн дараа тохиох аваас ингэж нуугдсан энэ олон дарга нар ил тод гарч ирж тодроод, индэр дээр багталцахаа байгаад, Ж.Мөнх­батад зогсох зай, үг хэлэх боломж олдохгүй дээ. Ийм л хөгийн гишүүнчлэлтэй нам гэдгийг энэ намын залуус нь лав ойлгож эхэл­сэн шиг байна лээ. Урьд өдөр нь Монгол Улсын удирдагч байсан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Ерөнхий сайд асан Сү.Батболд, М.Энхболд, Н.Энхболд... гээд эрхэмүүд өнөөд­рийн төр засгийг ажиллуулахгүй хэмээн чуулганы үүдийг диванаар хаагаад сууцгаана. Тэр хаалгаар заавал орж, тэр танхимд заавал чуулган хуралдах албагүйг, хууль дүрэмгүйг энэ хэд ойлгодоггүй л юм байхдаа. Аль ч зааланд ард түмний төлөө­лөл болсон түшээд чуулга­наа явуулж болно шүү дээ. Иймхэн юмыг ойлгохгүй элэг авмаар үйлдэл хийж суугаагаасаа ичээсэй. МАН-ынхан та нарыг өчигдөр Монголын удирдагч нар, хуучнаар Улс төрийн товчооны гишүүд гэж хардаг байс­ныг мартчихсан уу. Хэтэрхий, нэн хурдтайгаар доошоо орж, ямар амархан шалдаа бууж байх юм бэ. Хамгийн гол нь юун гэнэн, юун тэнэг юм бодож олдог юм бэ. Хүүхэд нүдээ алгаараа дарчихаад нуугд­чихлаа гэдэг шиг, Австралийн тэмээн хяруул элсэнд толгойгоо шургуулчихаад нуугдчихлаа гэдэг шиг та нарын тэмцэл үнэнхүү инээ­дэмтэй харагдаж байна. Үнэндээ Шадар сайд асан М.Энхболдод хоёр цагдаа хаваасаг, Ц.Нямдорж, Сү хоёрт бол дунд нь нэг цагдаа байхад болно. Ийм маягаар та нарыг сугадаад хаалганаас хол­дуул­­чихна. Тэгээд л гишүүд орж очоод хурлаа хийчихдэг юм байгаа биз дээ, хийе гэвэл. Их хурлын гишүүдийн дархан эрх гэж донгос­дог юм байна лээ. Өмнө нь юу болж байсныг Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Чука нараас асуул даа. Энэ гурвыг Их хурлын гишүүн байхад нь эвхээд тавьчихаж байсан биз дээ, хүчнийхэн. Эрх дархаа яриад яриад хэн тэднийг тоож, юу болго­сон юм. Юу ч болоогүй шүү дээ. Дивантай нь эвхээд л, өргөөд явчихсан юм шүү. Та хэдийг ч гэсэн дээ, ёстой нэг нүд ирмэх зуурт дивантай чинь эвхэж, гуталтай хөлийг чинь гозойлгох байлгүй. Бас УИХ-ын дарга З.Энхболдоос асуу­сан ч болно. Портер машинтай гэр ачаад талбай руу орж явахад нь цагдаа нар мань эрийг кабинаас нь суга татаж шидээд машиныг нь хураагаад явчихаж байсан юм. З.Энхболд гишүүн "Гишүүний бүрэн эрх" гэж ярихад тэр үеийн Их хурлын дарга Ц.Нямдорж "Чи тэнд үлийгээ хийж явсан юм" гэж загнаж билээ. Ингэж загнаж байсан нөхөд өнөөдөр эрх дархаа ярьсан шиг, бүр түрий барих төлөвтэй диван дээр эгнээд суучихсан, лоозон бариад гажиг царайлцгааж, Гүн­далайг урдуураа гарахад нь цовх үсрэн босч гар барьж ч байх шиг, Монгол төрийн ажлыг гацааж сууна. Төр засгийн удирдагч нар ингэж болохгүй ээ. Та нар өөрсдөө эрх барилцаж байгаа хүмүүс шүү дээ. Монголын төрийг хэтэрхий эвгүй харагдуулж байна. Гадаа нь хэдэн хүн жагсаж байгааг түрүүнд дурдлаа. Өдөр ирэх тусам хүйтэрнэ. Өдөр ирэх тусам ирэх хүний тоо цөөрнө. Ерээд оноос хойш жагсаал бүрт жагсаж байсан хэдэн хар хүн л үлдэнэ. Баян, дээр нь тарган дарга нарыг өмөөрч ард түмэн босч тэмцвэл гэж дээ. Үлгэр байлгүй. Ийм гэнэн, тэнэг, муйхарлаж байж сөрөг хүчингүй болчих вий дээ, Монголын төр. Яагаад гэвэл Мон­голын төрд сөрөг хүчин зайлашгүй хэрэгтэй. Сөрөг хүчингүй байснаас төргүй байсан нь бараг дээр. Гэхдээ та нар бол сөрөг хүчин биш шүү, сөхөрсөн хүчин байхгүй юу. Сөрөг хүчин бол ялагдаж л байх ёстой. Тэмцэл өрнүүлдэг, шүүмж­лэл өрнүүлдэг, тэгээд ялагддаг хувь тавилантай байдаг юм. Та нарыг шүүмжилж бай, тэгээд ялагдаж бай гэж л ард түмэн сонгосон. Ингэж гөжиж, эрх баригчдынхаа дургүй, уур хоёрыг хэм хэмжээнээс хэтэр­тэл хүргэж байж, өөрсдийнхөө "но"-г анзаарахгүйгээр аяглаж байж сөрөг хүчин байхгүй болчих вий дээ гэж санаа зовох боллоо. Ер нь УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлээс бусад нь Энхбаяраасаа илүү идсэн авлигачид байгаа шүү. Тэр бүхнээр чинь хэрэг үүсгээд аваад явчихна шүү. Бүгдэд чинь үйлдсэн гэмт хэрэг бий. Идсэн уусан хэрэг чинь бэлэн байгаа. Монголын шүүх, цагдаа хэрхэн эрүүлжиж, салхи савир орж байгааг харж байгаа биз. Та нарын дархлаа болсон хурандаа нар хэрхэн бууж өгч байгааг харж бай­гаа биз. Нөхцөл байдал ийм болж байхад юм үзээгүй загнаж, ямарч мэдрэмжгүйгээр, тэнэглэн муйхар­лаад байхаар чинь МАН нэг мөр нүд аничих вий гэхээс айж байна. Зарим чинь үүнийгээ мэдээд энэ тэрүүгээр огт үзэгдэхгүй байгааг ядаж анзаарсан уу. Эх сурвалж: Өдрийн сонин
Shuud.mn
Сонин хачин
llll:
odoo tertei tergui MAH engersen. yaaj yariad nemergeui. ta nariin ue engeerseen odoo boli.Alban tushaalaa egeed bugd yav MAH baihgui ylam huchgui bolsoon
2012-10-22
5112:
БУРУУ ҮЙЛДЭЛ ХИЙВЭЛ АМЬТАН БОЛОХООС ӨӨР ЯАНА ГЭЖ...ТЭРТЭЙ ТЭРГҮЙ МАН МӨХӨЛ РҮҮГЭЭ НЭГЭНТ ЯВААД ЭХЭЛСЭН Ш ДЭЭ... ТА НАР МЭДЭЭГҮЙ ЮМУУ???? ЗАЙЛУУЛ САЙН ЯВААРАЙ УМ МААНИЙ БАДИМЫ ХУМ...
2012-10-22