Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2012-10-23

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсан үеэс шууд хэрэгжих боломжгүй. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахад 900-аад мянган хүн хамрагдах тул эдгээр хүмүүсийн хэд нь энэ хуульд хамрагдах боломжтой эсэхэд судалгаа хийгдэх шаардлагатай. Иймд  2013 оны есдүгээр сар хүртэл бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй байгаа юм.

 Энэ хуулийг журмаар зохицуулах, түүнийг салбарын сайд батлах хуулийн зохицуулалттай. 2013 оны төсөвт энэ асуудлыг шийдэх хөрөнгө байхгүй. Харин ирэх оны есөн сар хүртэл иргэдийн өргөдлийг хүлээн авч ирүүлсэн өргөдөл, тооцоо судалгаанд тулгуурлан тэтгэмжийн сангийн нэмэгдэл хөрөнгийн эх үүсвэрийг 2014 оны төсөвт суулгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа С.Эрдэнэ гишүүн илэрхийлсэн. Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ, хуулийг хэрэгжүүлэх процесс нэг байгаа. 2014 оны нэгдүгээр сараас эхлэн тэтгэмжийн даатгалын шимтгэлийн мөнгө төсөвт суусан байна. Иймд хэлэлцүүлгийн явцад асуудлыг яриад явах боломжтой гэлээ. Харин С.Ганбаатар гишүүн, даатгуулагчийн төлөөллийн байгууллагыг тодорхой тусгах талаар санал гаргасан.  Иргэний ажиллаагүй жил хуульд нийцэж байгаа эсэхэд даатгуулагчийн төлөөллийн байгууллага хяналт тавих нь зүйтэй гэдгийг С.Эрдэнэ гишүүн хэлээд, энэ чиглэлээр захууд, орон нутгийн алслагдсан газруудад байцаагч томилон  ажиллуулах нь зүйтэй гэсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг дагаж мөрдөх журмыг чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна

Үүний дараа Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. С.Эрдэнэ гишүүн, хуулийг хүчингүй болгохоор оруулж ирж байгаад гайхаж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр, хэдийгээр төсөв, санхүү хүнд байгаа ч нэгэнт батлагдсан хуулийг хүчингүй болголгүй, харин хэрэгжих хугацааг нь хойшлуулж зарим зүйл заалтыг зөв зохистой болгоод явж болдоггүй юмуу гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн бол С.Ганбаатар гишүүн, энэ асуудлаар боловсролын байгууллагынхантай ярилцсан юм уу гээд, хуулийг хэрэгжүүлэх ямар нэгэн боломж, гарцыг судалж үзсэн эсэхийг тодруулсан юм. Сангийн сайд Ч.Улаан өгсөн хариултдаа, хуулийг хэрэгжүүлэхэд төсөв санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй асуудал байгаа. Асуудлыг хэлэлцэх явцад хуулийг хүчингүй болгох, эсвэл хойшлуулах, үе шаттай болгох асуудлыг ярилцаад явах боломжтой гэж үзэж буйгаа хэллээ. Хуулийг төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжив.

            Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд үзлээ.

            Түүнчлэн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, С.Ганбаатар гишүүн хүүхэлдэйн киноны үйлдвэр барих асуудлыг төсөвт тусгуулах санал гаргасан. Монголын хүүхдүүдэд хүүхэлдэйн киногоор дамжуулан үндэсний бахархал, үндэсний баатар, үндэсний брэндтэй болоход анхаарал хандуулах хэрэгтэй. Үйлдвэрийг нь барьдаггүй юмаа гэхэд кино хийх хөрөнгийг төсөвт тусгахыг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Г.Уянга, Г.Баярсайхан гишүүд хэлж байлаа. Харин Ц.Оюунгэрэл гишүүн, хүүхэлдэйн кино хийе гэж зүгээр ярих бус тодорхой хөтөлбөрийн хүрээнд энэ асуудлыг ярих нь зүйтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхэлдэйн кино бүтээх асуудлыг тусгаад дэмжээд явах боломжтой гэлээ. С.Ганбаатар гишүүний гаргасан саналыг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Харин тэрээр хүүхэлдэйн киноны үйлдвэр барихад том тоо бий гэдгийг хэлээд, эхний ээлжинд бэлтгэл ажилд 100 сая төгрөг төсөвлүүлэх саналтай байгаагаа дуулгав. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод загвар эмнэлэг барихад 250 сая төгрөг, Цагаануур сумын дотуур байр барих  төсөвт 850 сая төгрөгийг төсөвт тусгуулах Л.Энх-Амгалан гишүүний санал, Улсын Клиникийн төв эмнэлэгт элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийх багаж, тоног төхөөрөмж авахад 2 тэрбум төгрөг төсөвт тусгуулах З.Баярсэлэнгэ гишүүний санал, С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын гишүүдээс гаргасан Баянгол дүүргийн эмнэлгийн тоног, төхөөрөмж авахад 1,2 тэрбум төгрөгийг төсөвт суулгах зэрэг гишүүдийн  гаргасан саналууд тус тус дэмжлэг авав. Харин М.Зоригт гишүүний Сүхбаатар аймгийн Асгат сумын 100 хүүхдийн цэцэрлэг барихад 800 сая төгрөг, Эрдэнэцагаан суманд цэцэрлэг барих 1,1 тэрбум төгрөгийг төсөвт суулгах саналыг гишүүдийн дэмжсэнгүй. Санал хураалт явуулж дууссаны дараа  гишүүдийн дэмжлэг авсан саналуудыг нэгтгэн Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

 Хуралдааны эцэст Даатгуулагч, ажил олгогч талуудаас Нийгмийн даатаглын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний талаар нэмж ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Өнгөрсөн Байнгын хорооны хуралдаанаар ажил олгогчийн төлөөлөл 3 гишүүн, даатгуулагчийн төлөөлөл 3 гишүүнийг  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхийг дэмжиж тус бүрд нь  саналын хуудсаар санал хурааж нэр дэвшигчдийг тодруулсан юм. Гэтэл Ажил олгогчийг төлөөлж  нэр дэвшин гишүүдийн олонхийн санал авсан Шувууны хайрга ХХК-ийн захирал Ванчинхүүгийн Ганбаатар  тодорхой үндэслэлийн дагуу нэрээ татсан байна. Иймд Ажил олгогчийн зүгээс дараагийн санал хураалтаар Х.Ганбаатарыг шинээр нэр дэвшүүлэн оруулж ирснийг гишүүдийн олонхи дэмжлээ. Ингэснээр тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин