Америкт аюул нүүрлээд байна
2012-10-29

Өнөөдөр Нью-Йорк хотыг дайран гарч буй Сэнди хар салхины улмаас  тус хотод зам тээврийн сүлжээнүүдийг хэсэг хугацаанд хааж байгаа аж. Үүнд газар доорхи замууд  автобус,  метроны  хонгилын замуудыг хаахаар  болжээ. Замуудыг оройн 19.00 цагаас эхлэн хаах ба одоогийн байдлаар үерийн  усны  хамгаалалт  хийж байна. Мөн агаарын нөхцөл байдал муудсан тул таван мянга орчим нислэг цуцлагджээ. Үерийн  аюулаас хамгаалах сайн  дурын ажилд олон мянган хүн ажиллаж байгаа юм. Түүнчлэн сургууль цэцэрлэг болон бүх байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоогоод байна. АНУ-ын  зүүн хэсгээр нэлээд эрчимтэй хүчээ авч буй хар салхи  цаашлаад өмнөд эргийн бүсийг чиглэх хандлагатай байна.  Урьдчилсан мэдээллээр ойролцоогоор 60 орчим сая хүн энэ  салхинд өртөж болзошгүй тухай  орон нутгийн цаг агаарын албанаас  мэдээлээд байгаа. Хар салхи ирэх сарын 6-нд буюу ерөнхийлөгчийн  сонгуулийн өдрөөр ч үргэлжлэх гэнэ. Ерөнхийлөгч Обама  хар салхины аюулд ихээхэн сэтгэл зовинож байгаа бөгөөд энэхүү  байгалийн сүрт үзэгдлийг  аль болох хохирол бага амсахаар төлөвлөн бэлтгэл ажлыг аль ч түвшнийхэн сайн хийхийг анхааруулан ажиллаж байна.  Тэрээр хэлэхдээ “ Хар салхи маш хүчтэй бөгөөд удаан үргэлжилнэ. Нэлээд асуудал тулгарч мэднэ бид бэлтгэлтэй байх ёстой.” гэв. Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Мит Ромни  өнгөрсөн ням гаригт Виржиниа болон Охайо мужид иргэдтэй уулзах уулзалтаа хар салхинаас болж хойшлуулжээ. Сэнди хар салхи өнөөдрийг хүртэл 60 орчим хүний  амь насанд хүрээд байгаа юм. Амиа алдагсдын тоо ийнхүү өсөхөд хүрсэн  шалтгаан салхины хурд цагт 270 км хүрч зарим газруудаар үерийн  аюул нүүрлэсэнтэй  холбоотой  билээ. Хар салхи судлалын төвын мэдээлж буйгаар энэ удаагийн хар салхи хүний амь насанд хохирол учруулах  хангалттай хүчтэй бөгөөд зөвхөн  үерийн аюулаас гадна хөрсний нуралтад өртөх магадлал өндөртэй газрууд ч их байгаа юм. Нью-Йорк хотын захирагч Майкл Блүүмбэрг иргэдэд хандан “ Маш хүчтэй аюул дагуулсан  хар салхи ирж байгаа учир аль болох аюулгүй байдлаа ханган,  сонор сэрэмжтэй байхыг анхаарууж байна.  Мөн тэрээр “Энэ шөнө аль болох унталгүй байхыг  сануулжээ”.  375 мянга гаруй иргэд нам дор буюу үерийн  аюулд өртөж болзошгүй бүс нутагт амьдарч байгаа бөгөөд шаардлагатай нөхцөл байдал үүсвэл  хоргодох байранд шилжүүлэх   ажээ. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин