Италийн Sea Marconi Technologies sas компани шалгарчээ
2011-11-01

Манай улсын 2004 онд нэгдэн орсон “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенц, Засгийн газрын 2006 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ-наас НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газартай  хамтран “Полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхийг бий болгох нь” төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн эхний үе шатанд хийгдсэн ПХБ-ийн тооллогын үр дүнд тулгуурлан ПХБ агуулсан цахилгааны тос болон төхөөрөмжийг цэвэрлэж, устгах технологийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг энэ оны долдугаар сард төслийг хамтран хэрэгжүүлэгч НҮБАҮХГ-аас зарласан юм. Тендерийн сонгон шалгаруулалт 9-р сарын 27-ноос 10-р сарын 7-ны өдрүүдэд Австри улсын Вена хот дахь НҮБАҮХГ-ын төв байранд болж, уг тендерт Итали улсын Sea Marconi Technologies sas компани шалгарлаа. Sea Marconi Technologies sas компани нь ПХБ-г хатуу урвалж ашиглан химийн аргаар устгадаг шатаалтын бус технологиор бохирдсон тосыг ПХБ-ээс цэвэрлэх болон дахин ашиглах зорилгоор сэргээх ажиллагааг тус тус гүйцэтгэх хоёр хэсэг бүхий нийт 5,6 тн-ын жинтэй зөөврийн төхөөрөмж санал болгожээ. Технологи, тоног төхөөрөмж худалдан авах, сургах, 1000 тн тос цэвэрлэх үйл ажиллагааны нийт үнийн дүн 1,170,000 ам.доллар бөгөөд ПХБ цэвэрлэх үйл ажиллагааг 2011 оноос эхлэн 3 жил 3 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.    
Shuud.mn
Сонин хачин