Хамгийн амттай чихэр бол “Ном”
2012-11-02

Хүүхэд бүхний мөрөөдөл өөрийнхөө хамгийн дуртай номнуудаа өрсөн Бяцхан номын сан. Амьтад, амьтдын үр зулзагын тухай, хүний хумс, үс яагаад ургадаг юм бол, бас зөндөө гоё шүлэгтэй,  аймаар дуутай цахилгаан тэнгэрт яагаад цахидаг тухай, далай доор юу амьдардаг тухай, яагаад би өөрөө бүхнийг хийж сурахыг хүсдэг тухай, малчин гэж хэн болох, мал маллана гэдэг ер нь яадаг талаар, гараа угааж сурах юунд хэрэгтэй гэж, замын хөдөлгөөнд яагаад дүрэм баримталдаг юм бол? Улаан малгайт чононд хэрхэн хууртсан, Эрхийн чинээхэн хүү хичнээн зальтай вэ, өрөвдөлтэй бяцхан чүдэнз зардаг охиныг аврах юмсан, хааны шинэ хувцас жинхэнэ хувцас байсан уу? зэрэг өч төчнөөн мянган асуултын хариулт Бяцхан номын санд л бий. Тийм ч учраас хүүхэд бүхний мөрөөдөл байхаас ч аргагүй шүү дээ. Бяцхан үрсийнхээ мөрөөдлийг биелүүлэхийг хүссэн нэгэн том ажил бол “Бяцхан номын сан” төсөл. Төслийн нэгэн аяллын тухай та бүхэнтэй хуучилъя. “Бяцхан номын сан” төсөл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн 6-р цэцэрлэг буюу Янзагахан цэцэрлэг, Баянгол сумын 21-р цэцэрлэгээр бяцхан аялал хийгээд ирлээ. Энэ удаад төслийг тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сентерра Гоулд Монголия” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ивээн тэтгэж багачуудынхаа магнайг тэнийлгэсэн юм. Ирсэн номнуудыг бушуухан авч үзэх юмсан гэдэг хүсэл хүүхдүүдийг сандал дээр нь тогтоож дийлэхгүй  байхыг харахад, тэд үнэхээр гоё амттан бэлгэнд авчээ гэмээр. Тэд хөөрхөн бяцхан гараараа алгаа ташиж номын сангаа хүлээн авсан гээд бод доо. Хэрхийн Янзагахан цэцэрлэг 1973 онд байгуулагдсан, 75 хүүхдийн багтаамжтай хэдий ч өнөөдөр 4 бүлэгт нь 140 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Энэ удаад 5 настай бэлтгэл бүлэгт бэлэглэсэн юм. Ангийн багш Лх.Доржханд, В.Соёлмаа нар төслийг санаачлан хэрэгжүүлэгч “Болор Алтан  Эрдэнэ” ТББ, ивээн тэтгэгч “Сентерра Гоулд Монголия” ХХК-д талархсанаа илэрхийлээд, “Өмнө нь сургалтанд ашиглах зориулалттай гарын авлага төдийхөн олддог байсан бол эдгээр номнууд бүгд шинэ хөтөлбөртэй маш сайн холбогдож өгсөн, орчин үеийн чанартай хэвлэлттэй, “Зөв” номууд байна, хүүхдүүдээ сургуульд бэлдэхэд сэдвийн хувьд бодит ач холбогдолтой” гэж онцоллоо. “Янзагахан” цэцэрлэгийн эрхлэгч Г.Халиун: өөрсдийг нь зорин ирсэн хоёр байгууллагад баярласнаа илэрхийлээд, хүүхдийн үгсийн санг баяжуулж, хэл яриаг хөгжүүлнэ, улмаар уран зохиолтой танилцана, иймээс танин мэдэхүйн чухал хэрэглэгдэхүүн болно, эрүүл ахуйн хувьд хүнсний будгаар хэвлэгдсэн гэдэг нь сайшаалтай хэрэг гэв. Тус сумын 8-р багийн Тарнийн цэцэрлэгийн эрхлэгч Э.Цэмбээ, 5-р багийн Түнхэл тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Г.Лхагважав, Дарьт тосгоны эрхлэгч нар нар “Бяцхан номын сан”-гаа гардан авч, “эрдмийн уурхай” бэлэглэсэн  хоёр байгууллагад талархлаа илэрхийлээд цэцэрлэгийн зүг явцгаасан юм. “Бяцхан номын сан”-гийн зочилсон дараагийн айл бол Баруун Хараагийн 21-р цэцэрлэг. 1968 онд Оросуудын ачаар баригдсан ууган цэцэрлэгүүдийн нэг ба одоогоор 7 бүлэгтэй 270 хүүхэд хүмүүжиж байгаа аж. Мэдээжийн хэрэг, хүчин чадлаасаа даруй 120 гаруй хүүхдээр давсан ч  ирэх жил ашиглалтанд орох өргөтгөлийнхөө тухай багш нар бидэнд сэтгэл хангалуун хуучилж байлаа. Төслийг санаачлан хэрэгжүүлэгч “Болор Алтан Эрдэнэ” ТББ-ын тэргүүн Т.Ууганбаяр: Дэлгүүрийн лангуун дээр олон арван амттан бий. Гэхдээ ном бол амттанаас илүү амттан. Номын ач холбогдлыг үнэлээд байршгүй. Ялангуяа мэдээллийг мэдлэгээс салгаж ойлгох шаардлагатай өнөө үед хүүхэд гэлтгүй, насанд хүрэгчид бид ч цэгцтэй мэдлэгийг номоос олж авах хэрэгтэй байна. Интернэт бол мэдээллийн эх сурвалж болохоос мэдлэг бүтээдэггүй, харин ном бол жинхэнэ мэдлэг бүтээгч. Жишээ нь, манай төслийн хүрээнд тараагдаж буй малчны тухай номонд хурга, ишиг хоёрыг ялгадаггүй хотын хүүхдийн мэдэхгүй зүйлс маш олон бий. Үүнийг л номоос олж мэдэхээс, интернэтээс хайгаад хүүхдэд хэрэгтэй мэдээлэл гарч ирэхгүй л болов уу.  
Shuud.mn
Сонин хачин
BAE TBB:
Bayarlalaa
2012-11-03