ДОХ-ын вирус тээгч болсон нь тогтоогдсон залуу Филиппин руу ажлаар яваад ирсэн байжээ
2010-12-22

Филиппин руу ажлаар яваад ирсэн, бэлгийн хэвийн амьдралтай орон нутгийн иргэн ДОХ-ын вирус тээгч болсон тухай яриа Төрийн ордонд боллоо. Тодруулбал аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн сургалт, семинар өчигдөр Төрийн ордонд болсон тухай бид мэдээлсэн билээ.

Харин тус уулзалтын үеэр нэгэн аймгийн Засаг дарга “орон нутгийнх нь иргэн болох Филиппин улсад ажлаар яваад ирсэн залуу ДОХ-ын вирусээр халдварласан болох нь тогтоогдсон” талаар албан ёсоор мэдэгдлээ. Мөн Засаг дарга Эрүүл мэндийн сайд С.Ламбаад хандан халдвар тээгчийн хавьтагчдыг богино хугацаанд тогтоож өгөхийг албан ёсоор хүслээ.

Халдвар тээгч гэгдэж буй залуу нутгийнхаа эмнэлэгт биеэ эмчлүүлэхээр цусны шинжилгээ өгснөөр ДОХ-ын вирус тээгч болох нь илэрсэн гэж байна. Одоогоор манай улсад ДОХ-ын вирус тээгч 84 хүн албан ёсоор бүртгэлтэй байгаа. Тэгэхээр халдвар тээгч орон нутгийн энэ иргэнийг албан ёсоор бүртгэлд оруулсан эсэхийг ХӨСҮТ-өөс тодруулахад “Орон нутгаас энэ талаар мэдээлэл ирүүлээгүй байна” гэсэн хариултыг өгч байна.

Shuud.mn
Сонин хачин