Улаанбаатар
Хууль бус томилгоог цуцлахыг шаардлаа
2012-11-8

Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазарт хандаж өчигдөр албан бичиг илгээжээ. Энэхүү албан бичигт “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар албан ёсны даргагүйгээр 57 хонож байна. Энэ хугацаанд тус байгууллагын ажил цалгардсан байдалтай, хариуцах тодорхой эзэнгүй явж ирлээ. Нийслэлийн Засаг даргын зүгээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар хууль хяналтын  байгууллагаас шинэ хүн авчирч томилох нь зүйтэй гэж үзээд Авлигатай тэмцэх газрын удирдлагатай тохиролцсоны үндсэн дээр уг газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Эрдэнэбатыг томилуулахаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт өмнө нь санал оруулсан. Гэтэл та томилгооны асуудал шийдвэрлэхэд ерөнхий байцаагч биш учраас эрх мэдэл хүрэхгүй байна гэж тайлбарлаж байснаа умартан 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Г.Баярсайхан гэх хүнийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилох тухай хууль бус шийдвэр гаргасан байна.  Дээрх шийдвэр нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно” гэснийг, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын даргыг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж мэргэжлийн хяналтын төв байгууллагын дарга томилно” гэснийг тус тус зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдсон Г.Баярсайхан нь “Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргыг төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доош жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас томилно” гэсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт заасан наад захын шаардлагыг хангахгүй байна. Иймд Г.Баярсайханыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллуулах боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд дээрх хууль бус томилгоо хийсэн шийдвэрээ нэн даруй зогсоож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын томилгоог хуулийн дагуу  хийхийг шаардаж байна. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага хууль ёсны удирдлагагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг Та хариуцах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ. Дашрамд дурдахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны урилгаар Филиппин улсын Манила хотод дэд бүтцийн асуудлаархи дэлхийн хотуудын дарга нарын уулзалтад оролцож байгаа учраас түүнийг Н.Батаа оролж байгаа юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Dggmgj:
За за юун сүртэй юм Одоо хууль ёсоор томилогдож байгаа хэн байгаа юм Бүгд л хууль бусаар томилигдож байгаа шүү дээ
2012-11-08