Бор цаасан уутыг монголчууд өөрсдөө хийдэг болов
2010-12-22

Монгол Улсын Засгийн газраас зарласан бизнесийн шинэтгэлийн жилийн ажлын үр дүн бодитоор гарч, хүнсний бүтээгдэхүүнийхээ бор цаасан уутыг хүртэл германаас зөөж “тансагладаг” байсан монголчууд өөрсдөө  хийдэг боллоо. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр олгосон зээлийн үр дүн аж. Зөвхөн цаасан уут төдийгүй гутал, хувцас, арьс, ноос, эсгий эдлэл гээд боломжийн хөнгөлөлттэй зээл түшиглэн Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрлэгчид юу хийж бүтээж чадахыг илтгэн харуулсан “Төслийн зээлийн үр дүн-2010” үзэсгэлэн худалдаа Улаанбаатар бизнес хөгжлийн төвд нээгдлээ. 2009-2010 онд Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 16,3 тэрбум төгрөгийн эс үүсвэр бүрдэж, Улаанбаатар, Капитрон, Хадгаламж, Хас, Зоос банкуудаар дамжуулан 352 аж ахуйн нэгжийн төслийг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн нь үйлдвэрлэгчид рүү чиглэсэн томоохон ажлын нэг болсон. Үүний үр дүнд 5400 ажлын байр хадгалагдан, шинээр 74 үйлдвэр, 1387 ажлын байр бий болсон бөгөөд зээлдэгчид 10 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 750 сая төгрөгийг татварт төвлөрүүлжээ.

Аж ахуйн нэгжүүд авсан зээлийнхээ 69 хувийг эргэлтийн хөрөнгөнд, 22 хувийг шинээр тоног төхөөрөмж авахад, 19 хувийг үйлдвэрлэлээ өргөтгөхөд зориулсан байна. “Зээлийг үр дүнтэй зарцуулах нь олон талын ач холбогдолтой. Юуны өмнө ажлын үр дүнгээрээ зээлдүүлэгчийнхээ итгэлийг олно, зээл авахыг хүсэгч бусад иргэдийнхээ урам зоригийг сэргээнэ. Хамгийн гол нь улс орныхоо хөгжлийн хурдац, эдийн засгийн чадавхид өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж байна. Энэхүү үзэсгэлэнд үйл ажиллагаагаа дэлгэн харуулж буй аж ахуйн нэгж, иргэд үүнийг хийж чадсан байна” хэмээн уг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ хотын дарга онцлоод, цаашид зөвхөн зээл тусламж олгох төдийгээр ажлаа хязгаарлах бус зохион байгуулалтын болон бизнесийн орчныг сайжруулах, эрүүлжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан иргэддээ туслах болно гэдгээ илэрхийлсэн байна. Аж ахуйн нэгж, иргэдийн хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг тайлагнан, цаашид хийж гүйцэтгэх ажлынхаа цар хүрээг тодорхойлж, юу хүсч юунд зорьж байгаагаа олон түмэндээ илэрхийлэн харуулах зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаа 3 өдөр үргэлжилнэ.

Н.Батаа
Shuud.mn
Сонин хачин