"Халуун сэтгэл" хүмүүнлэгийн сайн дурын цусаа бэлэглэх аяныг зохион байгууллаа
2012-11-12

Монгол Улсын арилжааны ууган банк болох “Капитал банк”-ны санаачлагаар зохион байгуулсан “Халуун сэтгэл” хүмүүнлэгийн сайн дурын цусаа бэлэглэх аян 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Бишрэлт плаза” зочид буудлын хурлын танхимд 09:00-13:00 цагийн хооронд амжилттай болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Капитал банк, Бишрэлт группын харьяа компаниуд болон МҮОНРТ-ийн халуун сэтгэлт хамт олон идэвх санаачлагатайгаар эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлсэд сэтгэл нэгдэн оролцсон байна. Энэ арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Капитал банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Т.Ганболд, Бишрэлт группын ерөнхий менежер М.Энхжаргал, МҮОНРТ-ийн MN2 телевизийн ерөнхий захирал Ц.Лхагвадаш, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэсайхан болон Хөгжлийн шийдэл ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэсайхан нар оролцож, бусад аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг хүмүүнлэгийн сайн дурын цусаа хандивлах ариун үйлсэд нэгдэхийг уриаллаа. Аюулгүй, найдвартай цусны хэрэгцээг хангах гол эх үндэс болсон донорын эгнээг өргөжүүлэх нь нэн чухал байгаа бөгөөд хэн нэгний алтан амийг аврахад залуусын хөдөлгөөн, иргэн, байгууллага хамт олны оролцоо өнөө үед хэрэгтэй байна. Иймд “ТА” болон “ТАНАЙ БАЙГУУЛЛАГА”, “ХАМТ ОЛОН”–ыг цусаа бэлэглэн эрдэнэт хүмүүний амь насыг аврах эгэлгүй баатруудын эгнээнд нэгдэхийг УРИАЛЖ байна.

                                          Өгөөмөр сэтгэлийн бэлэг дусал цуснаас

Shuud.mn
Сонин хачин