Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов
2012-11-15

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын Комиссын ээлжит 9 дүгээр хуралдаан  энэ сарын 15-нд Гадаад харилцааны яаманд боллоо. ЗГХК-ын хуралдаанаар Монгол Улс, БНАЛАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар хоёр тал санал солилцон ярилцав. Монголын тал хоёр орны эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны бэлгэдэл болсон “Монгол-Лаосын Найрамдал” эмнэлэгт монгол эмч нарыг ажиллуулдаг уламжлалыг хадгалах, цаашид нарийн мэргэжлийн эмч нарыг түлхүү ажиллуулах талаар лаосын талтай хамтарч ажиллахаар тохиров. Талууд Лаосын дэд бүтэц хөгжсөн бүсэд 10 мянган га газар удаан хугацаагаар  түрээсэлж хөдөө аж ахуй эрхлэх, мод боловсруулах үйл ажиллагаа явуулах хамтарсан үйлдвэр байгуулах, Лаосын Саваннакет мужийн эдийн засгийн чөлөөт бүсэд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 20 га газрыг урт хугацаагаар түрээслэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Түүнчлэн хуралдааны үеэр ЗГХК-ын 9 дүгээр хуралдааны протокол болон “Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНАЛАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын 2012-2016 онд Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хөтөлбөр”, “Монгол Улс, БНАЛАУ-ын Эрүүл мэндийн яамдын хооронд 2012-2014 онд хамтран ажиллах тухай протокол“-д тус тус гарын үсэг зурав. Энэ удаагийн Монгол, Лаосын ЗГХК-ын хуралдаан нь хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц боллоо хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин