Махны өргөтгөсөн худалдаа боллоо
2012-11-18

Монгол Улс 40 гаруй сая тоо толгой малтай. 2.8 сая гаруй хүний хүнсний хэрэгцээг бүрэн хангахуйц махны нөөцтэй гэдэг утгаараа зах зээлийн жишиг үнэ бүхий, хямд өртөгтэй мах худалдан авах боломж бидэнд бий. Гэвч малчдын гар дээрээс 2800-3500 төгрөгөөр худалдаалагддаг мах ашиг харсан наймаачдын гар дамжин явсаар хэрэглэгчдэд 5500-9000 төгрөгөөр борлуулагддаг жишиг тогтоод уджээ.   Ялангуяа нийслэлчүүдийн хувьд хямд үнэтэй мах худалдан авна гэдэг хэцүүхэн даваа. Харин энэ бүхнийг харилцан ашигтайгаар шийдвэрлэх аргыг Монголын махны холбооноос эхлүүлэхээр оролджээ. Тодруулбал, “Хүчит шонхор” хүнсний зах, “Стандарт мах” ХХК хамтран махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулав. Энэхүү өргөтгөсөн худалдааны үеэр иргэд, худалдан авагчдад  үхэр, хонь, ямаа, адууны болон гахайны махыг бөөний үнээр худалдаалсан. Энэ нь махны жижиглэнгийн үнээс 500-1000 гаруй төгрөгөөр хямдруулсан худалдаа байв.   “Стандарт мах” ХХК-ийн хувьд мах боловсруулах үйлдвэрлэлийг мэргэжлийн түвшинд хүргэж, хэрэглэгчдэд чанарын шаардлага хангасан мах махан бүтээгдэхүүн нийлүүлдэг гэнэ. Тус компанийн зүгээс хэрэглэгчдэд хямд үнэтэй, чанартай мах нийлүүлэхэд бөөний үнээр худалдаалсан ч алдагдалд орохгүй. Иймд хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн мах махан бүтээгдэхүүний соёлтой хэрэглээг нэвтрүүлэх боломжтой гэдгийг бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудад харуулахыг зорьсон хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн. Харин тус өргөтгөсөн худалдаанд хүрэлцэн ирсэн иргэдийн хувьд нэг кг махыг 500-1000 төгрөгөөр хямд үнээр худалдан авах нь эдийн засагт ч хэмнэлттэй  байна гэв.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин