Шилдгүүдийн тулаанд “Танан гарьд” баг илүүрхлээ
2012-11-19

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “М Си Эс Кока Кола” компани, “TLG13” ТББ нар хамтран дөрөв дэх удаагийн шилдгүүдийн тулаан буюу сагсан бөмбөгийн “Холбоодын цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн тэмцээнд эрэгтэй 16 баг аваргын цомын төлөө өрсөлдсөн бол анх удаа шилдэг зургаан эмэгтэй баг тэмцээний анхны эмэгтэй аваргын цомын төлөө тоглосон юм.

“Холбоодын цом”-ын эмэгтэй хүрэл медалийн төлөө “МУБИС” болон “Гурван тамир” багууд өрсөлдсөн билээ. Тоглолтын эцсийн мөчид “МУБИС” багийн охидууд 53:52 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн эзэд болсон. Харин эрэгтэй хүрэл медалийн төлөө Дээд лигийн шилдэг багууд болох лигийн дөрвөн удаагийн аварга “ER Харцага”, өнгөрсөн жилийн “Холбоодын цом”-ын аварга “Баянзүрх Буллс” багууд өрсөлдсөн юм. Сонирхолтой өрнөсөн тоглолтын эцсийн дүнд 61:55 харьцаатайгаар “ER Харцага” баг ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангав.

Эмэгтэй зургаан багаас аваргын цомын төлөө “МУИС”, “Танан Импекс” багууд өрсөлдсөн юм. Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай “МУИС” багийн охидууд өрсөлдөгчөө 64:57 харьцаатайгаар буулган авснаар “Холбоодын цом”-ын тэмцээний эмэгтэй анхны аваргаар тодорлоо.

Спрайт супер болон Дээд лигийн багуудын хооронд туршлага солилцуулах, шинэ залуу шилдэг тамирчдыг гаргаж ирэх зорилготой зохион байгуулагддаг “Холбоодын цом”-ын тэмцээний аваргын төлөө 2011 оны Спрайт хөгжлийн болон Спрайт супер лигийн хүрэл медальт “Эрдэнэдрийлинг RIGS” болон 2011 оны Спрайт хөгжлийн лиг, Спрайт супер лигийн аварга “Танан гарьд” багууд шалгарч өрсөлдлөө. Өгөө аваатай болсон тоглолтын эхнээс “Эрдэнэдрийлинг RIGS” баг илүү тоглолт үзүүлж байсан хэдий ч эцсийн мөчид “Танан гарьд” багийн тоглолт сэргэж, оноог ойртуулан улмаар 65:64 харьцаатайгаар “Танан гарьд” баг дөрөв дэх удаагийн “Холбоодын цом”-ын аварга боллоо.

Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор “Танан Гарьд” багийн О.Ууганбаяр, “МУИС” багийн Ч.Долгор тус тус шалгарсан. Үнэ цэнэтэй тоглогчийн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос  НБА-ийн тоглолт үзүүлэх юм байна.

“Холбоодын цом”-ын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй билэгдлийн гарааны таван тоглогчоор Б.Билгүүн (Баянзүрх Буллс), Одбаяр (ER Харцага), Н.Золжаргал (Эрдэнэдрийлинг RIGS), Б.Батжавхлан (Эрдэнэдрийлинг RIGS), О.Ууганбаяр (Танан Гарьд), эмэгтэй билэгдлийн гарааны таван тоглогчоор Г.Отгонтуяа (Гурван тамир), Э.Чимиддолгор (МУБИС), Д.Ганзул (Танан импекс), Д.Жаргалан (МУИС), Г.Энхдэлгэр (Танан импекс) нар тус тус шалгарч өргөмжлөл,  мөнгөн шагнал хүртлээ.

Мөн тэмцээний үеэр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос “Танан гарьд” багийн М.Дорждавга, “ИНЕГ-ын Буянт-Ухаа” багийн  Д.Нямдаваа нарт сагсан бөмбөгийн Спортын мастер цол хүртээлээ. Ийнхүү 2012 оны “Холбоодын цом”-ын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж аваргуудаа тодрууллаа. Дашрамд дуулгахад Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны дараагийн үйл ажиллагаа Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулж сагсан бөмбөгийн “Их наадам”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Н.Өрнө  
Shuud.mn
Сонин хачин