Г.Дэмбэрэлням: Азтай тогоочийн гараас амттай сайхан хоол идье гэдэг юм
2012-11-19

... Хүний амьдралд хэцүү үе зөндөө тохиолддог. Ажилгүй, цалингүй, орлогогүй ирээдүйд яах эсэх нь ч тодорхойгүй тийм л үеийг би даван туулж үзсэн. Харин одоо бол нөхөр маань таксинд явж, том хүү маань барилгын компанид ажиллаж, би “Хишиг” ресторанд тогооч хийж, гэр бүлээ гэр бүлийн дайтай авч явж байна. Тэгсэн Юнителийн байрны эзнээр тодорчихлоо. Амьдрал ийм сайхан болно гэдэгт би итгэдэг байсан. Амьдралд би үнэхээр хайртай ... Ийн өгүүлэх жирийн нэгэн монгол бүсгүй, 3 хүүхдийн ээж, Юнителийн 14 дэх байрын эзэн Г.Дэмбэрэлнямыг бид энэ удаагийн ярилцлагын буландаа урьсан юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Юуны өмнө танд Юнителийн байрны эзэн болсонд баяр хүргэе. Та өөрийгөө болоод гэр бүлээ танилцуулахгүй юу? -Намайг Дэмбэрэлням гэдэг. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Би 10-р хороололд байрлах “Хишиг” зоогийн газарт ахлах тогооч хийдэг. Энэ газраа ажиллаад таван жил болж байна. Анх ажилд орохдоо угаагч хийж байлаа. Эргээд бодоход цаг хугацаа нэг л мэдэхэд урсан өнгөрсөн байна. Энэ хугацаанд зоогийн газрынхаа ахлах тогооч хүртлээ дэвшлээ. Нөхөр маань жижиг тэргээр таксинд явдаг. Том хүү 20 настай барилгын компанид ажилладаг. Харин охин маань 4-р анги, бага хүү 2-р анги, ам бүл тавуулаа Зүүнсалаанд амьдарч байна даа. Та Юнителийн байрны эзэн болсон гэдгээ яаж мэдсэн бэ? Тэр үеэ дахин дурсвал? -10-р сарын 29-ны орой манай бага хүү “Бүгдээрээ 21 цагаас МҮОНТ-ээр гарах Юнителийн “5 байр хөтөлбөр”-ийн шууд  нэвтрүүлгэ үзье. Байртай болчихвол яах юм бэ?”  гэсэн юм. Тэгэхээр нь манай гэрийнхэн яг 21 цагаас МҮОНТ дээр сувгаа тааруулаад шууд нэвтрүүлгийг үзээд сууж суутал байр хожих боломжтой 10 хэрэглэгч дотор миний дугаар гарч ирсэн.  Удалгүй утас дугараад “Танд азтан болох боломж байна шүү” гэж хэлсэн. Чих тавиад, хараа салгалгүй сууж байлаа. Гэтэл гэнэт л “Бид байр хожлоо” гээд л манай гэр бүлийнхэн орилоод л бөөн баяр. Тэр үед нь би хожсон гэдэгтээ итгэж өгөхгүй байлаа. Дугаараа ч харж амжаагүй шүү дээ. “Үнэн юм уу, зөв харсан юм уу, худлаа орилолдоод байх юм аа” гэсэн чинь “Үгүй ээ, ээжээ таны дугаар гарчихлаа” гэсэн. Яг тэр үеэс эхлээд л миний утас завгүй болсон. Таньж мэдэхгүй хүн бүр над руу залгаад л “Та азтан боллоо” гээд байсан. Удалгүй “Юнителээс холбогдож байна. Та 14 дэх байрны эзэн боллоо. Баяр хүргэе” гэхэд нь ч үнэмшээгүй. Тэгсэн танайх хаана байдаг вэ? Бид очиж, албан ёсоор баяр хүргэх гэсэн юм гэхээр нь  шууд л “тэг, тэг” гэсэн. Энэ бүхэн надад худлаа юм шиг л санагдаж байсан. Тэгээд гэртээ баяр хүргэсэн дуудлагандаа дарагдаад сууж байтал Юнителийн Маркетингийн газрын хамт олон хүрэлцэн ирснээр сая л итгэсэн дээ. Миний амьдралын хамгийн дурсамжтай мөчийг Юнителийн  хамт олон үлдээлээ. Танай гэр бүлийн хувьд орон сууцтай болно гэж төлөвлөж байв уу? -Ер нь манай гэр бүл байртай болохыг мөрөөдөж байсан гэхэд болно. Яагаад гэвэл хүүхдүүд маань жаахан ч гэсэн удахгүй л өсч томроод, байр савны хэрэг их гарна шүү дээ. Аюулгүй, цэвэр орчинд хүүхдүүд өсөж торнино гэдэг сайхан хэрэг.  Манайх Зүүнсалааны эцэст гэр хороололд монгол гэрт есөн жил амьдарч байна. Ирэх хавраас хашаандаа байшин барина гэж төлөвлөсөн байсан юм. Тэгээд дараа нь байртай болно гэж ярьдаг байлаа. Одоо байртай болчихлоо. Шинэхэн байрандаа авах зүйлээ төлөвлөсөн үү? -Бид байраа очиж үзсэн. Маш гоё байр байна лээ. Мөн тавилга, цахилгаан бараа бүгд цаанаасаа өгч байгаа учраас бид энэ амьдарч байгаа гэрээсээ юу ч авч очих шаардлагагүй юм билээ. Шинэ байр манай гэр бүлийг хүлээж байгаа гэж бодохоор их сайхан байна. Бид чинь монгол хүмүүс учраас уламжлалаа дагаж, хадаг, сүүтэйгээ хамгийн түрүүнд очно гэж бодож байна. Юнителийн байрны эзэн болсноор танай гэр бүл, үр хүүхдүүдийн тань ирээдүйд маш том хөрөнгө оруулалт болсон болов уу гэж бодож байна? -Тэгэлгүй яахав. Хүний амьдрал юм хойно үр хүүхдээ байранд өсгөх юмсан гэсэн хүсэл байсан. Гэхдээ хүүхдүүд гэр хороололд эсвэл байранд өсөж торних нь эцэг эхээс шалтгаалах зүйл. Бидний хувьд байртай болно гэдэг бол мөрөөдөл төдий л зүйл байсан. Юнителийн хамт олны хэлснээр манай гэр бүлийг байртай болгосон цэнэглэгч картыг би 10-р сарын 25-ны өдөр авсан юм билээ. Одоо санах нь ээ бага хүүтэйгээ хамт явж байгаад авч байсан юм. Тухайн үед миний хүү цэнэглэгч картыг  хусаж өгөөд “Байр хожноо, ээжээ” гэж хэлж байсан. Би хүүгээ их бэлэгшээж байгаа. Бага хүүгийнхээ нэр дээр байраа шилжүүлнэ гэж бодож явна. Гурван хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд хэр анхаарал хандуулдаг вэ? -Манай гэр бүл хүүхдүүдийнхээ төлөө сайн анхаарал тавьдаг гэж боддог. Том хүүгээ их сургуулийн мөр хөөлгөж чадаагүй ч хоёр дүүг нь дээд боловсролтой хүн болгоно. Улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө хүүхдүүддээ цаг гаргадаг шүү. Танай гэр бүлийг Яармагийн дэнж дээр гал голомтоо бадрааж байсан гэж дуулсан. Эргээд өрх тусгаарласан газартаа очих нь байна? -Бид анх 1992 онд Яармагийн дэнж дээр гал голомтоо бадрааж байсан. Тэндээ дөрвөн өрөө сайхан байшин бариад амьдарч байлаа. Хүний амьдрал үргэлж шилжилт хөдөлгөөнд оршдог хойно хожим нь хашаа, байшингаа зараад хадмынх руугаа дөхөж, Зүүн салаанд нүүж очсон юм. Харин одоо гал голомтоо бадрааж байсан тэр л газартаа орон сууцтай болоод очиж байгаадаа үнэхээр бэлэгшээж байна. Таныг Юнителийн байрны эзэн болсон гэхээр хүмүүс яаж хүлээн авч байна вэ? -MCS группийн ач тусыг манай ажлын хамт олон их мэдэрч байгаа даа.  “5 байр хөтөлбөр”-ийн гар утасны эзнээр манай ажлын охин тодорч байсан бол захирлын охин MCS Коко кола компанийн сугалаанд оролцож, 500 мянган төгрөгийн азтан болж байсан юм. Тэгсэн би Юнителийн 14 дэх байрны эзэн болчихлоо. Хамт олноороо сайхан азтай байна. Би тогооч болсондоо их бэлэгшээж байгаа. Хүмүүсд амттай сайхан хоол хийж өгснөөрөө өнөөдөр би ийм их азтай байгаа болов уу гэж боддог. Яг байр хождог орой нэг хүн ярьсан. “За баяр хүргэе. Би Юнителийн анхны байрыг хожсон хүн байна. Хоёулаа хөрш боллоо. Байрандаа орж байгаад уулзанаа” гэсэн. Тэр үед би нөгөө хүнийхээ дугаарыг ч харж амжаагүй баярласандаа болоод “за” гээд л яриад өнгөрсөн. Манай монголчууд их гоё юм байна лээ. 21 аймгаас бүгдэнгээс нь хүн ярьсан. Зарим нэг хүмүүс “Та Юнителд ажилладаг хэн нэгний хамаатан биш биз” гэж байсан. Би ч өмнө нь тэдний адил ингэж л боддог байлаа. Одоо өөрөө хожсон болохоор үнэн гэж байдаг гэдгийг ойлгож авсан. Тэр ч бүү хэл олон жил уулзаж амжаагүй найз нөхөд, танилууд холбогдсон. Дараа жил нүүрс түлээ гэж санаа зовохгүй нь шүү дээ? -Тэгэлгүй яахав. Нуруун дээрээс нэг том ачаа аваад явчих шиг боллоо. Өглөө босоод түлээ нүүрсээ яанаа, орой үдэш хүүхдүүдээ дааруулчихвий дээ гэх мэт олон зүйл боддог байсан. Байртай болсноосоо хойш өглөө босохдоо би байранд орно гэж бодохоор л урам зориг, эрч хүчээр дүүрэн сэрдэг. Үр хүүхдээ сургууль соёлд нь явуулчихаад гэртээ эргээд ирэхэд халуун дулаан гэр хүлээж авна гэдэг гайхалтай. Зовсоны эцэст жаргана гэдэг үнэн болов уу. Нэг хэсэг хоёр хүүхдээ гаргачихаад ажил төрөлгүй суусан. Харин ажил төрөлд ороод одоо л хүний жишгээр л амьдарч явна. Тэгж байтал байр хожино гэдэг үгээр хэлшгүй сайхан юм аа Хүний амьдрал гэнэтийн адал явлаар дүүрэн байдаг. Танд иймэрхүү сайхан мөч хэр их тохиолдож байсан бэ? -Үүнээс илүү гэнэтийн зүйл гэж байхгүй байхаа. Амьдралдаа авч байгаа хамгийн гэнэтийн бэлэг маань энэ. Манай гэр бүлд баяртай олон явдал тохиолддог ч үүн шиг ховор зүйл тохиолдож байсангүй. Би чинь эхээс тавуулаа, ам бүл тавуулаа, таван байрны нэг азтан боллоо. Миний дугаар 14-р эхэлсэн тэр ч утгаараа 14 дэх байрны азтан боллоо. Ингээд бодохоор юм болгон учиртай, бэлэгшээлтэй байдаг юм байна. Та тогооч хийхээсээ өмнө ямар ажил эрхлэж байсан бэ? -Би хоёр, гурван сургууль дамжин суралцсан. Хамгийн анх Эрхүүгийн их сургуульд геологич мэргэжлээр сурч байгаад түүнийгээ солиод хүнсний технологич мэргэжлээр сурсан юм. Тэр үед том хүү маань гарсан. Тэгсэн хүүг маань өвчин ороогоод байхаар нь хүүхдээ бодоод сургуулиа орхиж байлаа. Тэгээд л хувиараа наймаа хийсэн. Удалгүй охин маань гарч ажил төрөл хийлгүй гэртээ удаан суусан. Хүн ажилгүй байна гэдэг их хэцүү юм байна лээ. Хүний амьдралд хамгийн дэмтэй зүйл бол сэтгэл санааны дэмжлэг болов уу? -Тэгэлгүй яахав. Намайг байр хожсон гэж сонсоод дарга маань надад утас бэлэглэсэн. Манай захирал орж ирэх болгондоо “Азтай тогоочийн гараас амттай сайхан хоол идэх гоё юмаа” гэхэд нь би маш их баярладаг. Ер нь манай ажил дээр байнгын сайхан уур амьсгалаар дүүрэн байдаг. Хүний төлөө сайхан хоол хийж үйлчилж байгаагийн маань буян үүнд оршиж байгаа болов уу. Үүнийг далимдуулаад ажлынхаа хамт олонд байнга талархаж явдаг шүү. Энэ ажилд ороод гэр бүлийн минь хувьд их өөрчлөлт орсон гэж би боддог. Хүний итгэлийг алдахгүй зөв сайхан байвал хүсэл бүхэн биелдэг юм байна. Таныг үргэлж азын тэнгэр ивээж байх болтугай. -Юнителийн хамт олондоо хандан хэлэхэд та бүхэн маань нийгэмд хандаж маш сайхан зүйлийг санаачлан хэрэгжүүлж байна. Та бүхэндээ баярлалаа. Өөр олон сайхан гэр бүлд энэ урамшуулал нүдээ олж, очоосой гэж хүсч байна.  
Shuud.mn
Сонин хачин