Нийслэлд зураг төсөв нь батлагдаагүй нэг ч ажлыг эхлүүлэхгүй
2012-11-24

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан уржигдар болжээ. Хуралдаанаар нийслэлийн 2013 оны нийгэм эдийн засгийн зорилт, 2013 оны төсөв, ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр  энэ сарын 15-ны өдөр  батлагдсан. Мөн Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын төслийг боловсруулах чиглэлээр нутгийн захиргааны байгууллагуудаас хоёр удаа 2 сарын хугацаанд  санал авсан бөгөөд дүүрэг, хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрууд гээд нийт 49 байгууллагаас санал авахад нийт 86 санал ирүүлснийг энэхүү зорилтын төсөлд тусгасан байна. Энэ зорилтын гол агуулга нь нийслэлийн иргэд, оршин суугчдын аюулгүй, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хотын дэд бүтцийг сайжруулж, тохилог орон сууцны хангамжийг нэмэгдүүлэн гэр хорооллыг хөгжүүлэх, хотын дахин төлөвлөсөн хэсгүүдийг нийгмийн дэд бүтцээр хангах, алслагдсан болон захын дүүргүүдийн нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн ажил, үйлчилгээг иргэдэд ойртуулах, шууд ардчиллыг хөгжүүлэн нээлттэй засаглалыг бий болгох  зэрэг гол агуулгаар санаачилсан шинэлэг ажлууд тусгагдсан байна.  Мөн улс, нийслэлийн төсвөөр хийгдэж буй, шинээр барих, өргөтгөх барилга, байгууламжийн  зураг төслийг боловсруулах ажлууд, 6 сургууль, 11 цэцэрлэг болон 5 спорт цогцолбор барих ажил, шинээр барих 86 км, өргөтгөж шинэчлэх 68 км авто зам, төрийн үйлчилгээний /цагдаа, эмнэлэг, түргэн тусламжийн болон гал унтраах пунктууд/ барилгуудын ажил, нийтийн тээврийн болон цагдаагийн байгууллагын парк шинэчлэлт  гэх мэт ажлууд тусгагдсан байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, бид 2013 онд зураг төсөв нь бэлэн болсон хөрөнгө оруулалтын асуудал нь шийдэгдсэн ажлыг эхлүүлнэ. Харин ямар нэг зураг төсөв нь гараагүй ажлыг эхлүүлэхгүй гэж тооцож байгаа гэлээ.   Нийслэлийн Засаг дарга, дүүрэг, хэлтэс, агентлагын дарга нарт 2014 онд хийгдэх ажлын зураг төсвийн тооцоог  өнөөдрөөс эхлэн хийх хэрэгтэй, зураг төсөвгүй нэг ч ажлыг хийхгүй  гэж санууллаа.  Дээрхи зорилтыг  НИТХ-аар хэлэлцүүлэн батлах юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин