Олон улсын жилийн хаалтын ажиллагаа болов
2012-11-26

Манай улсаас санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганаар батлуулсан "Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг" тогтоолын дагуу 2012 оныг Олон улсын Хоршооллын жил болгон зарласан билээ. Уг тогтоолын дагуу НҮБ-ын бүх гишүүн орнуудад хоршооллыг дэмжих болон 2012 оноос хойшхи хугацаанд хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллахыг уриалсан юм. Олон улсын Хоршооллын жилийн хүрээнд хоршооллыг дэмжих, хөгжүүлэх, тэдэнд санхүү, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагааг нь дэмжих, хоршооллын тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ дүгнэх зорилго бүхий "Олон улсын хоршооллын жилийн хаалтын ажиллагаа"-г Монгол Улсаас НУБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газар НҮБ-тай хамтран энэ сарын 20-ны өдөр НҮБ-ын Төв байранд зохион байгуулав. Олон улсын жилийн хаалтын ажиллагаанд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн Туслах ЕНБД Шамшаад Актар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Жендэр, хөдөөгийн хөгжлийн асуудал эрхэлсэн газрын захирал Марсела Виллиярд нар оролцож, хоршооллыг дэмжих чиглэлээр НҮБ болон түүний системийн байгуууллагуудын зүгээс цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээний талаар танилцуулав. Монгол Улсаас НУБ-д суугаа Байнгын төлөөлөгч О.Оч Олон улсын жилийн хүрээнд манай Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудыг танилцуулав. Монгол Улс 2012 оноос хойшхи хугацаанд хоршооллыг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлан ажиллахыг НҮБ-ын гишүүн орнуудад  уриалан ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын ЕА-н 68 дугаар чуулганаар хоршооллыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулах чиглэлээр ажиллахаа мэдэгдсэн байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин