Сэлбэ гол тусгай хамгаалалттай боллоо
2012-11-26

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралд нийслэлийн Байгаль  хамгаалах газрын дарга Г.Болормаа Сэлбэ голын эх болох 2071.5 га газрыг тусгай хамгаалалтад авч, байгалийн нөөц газарт бүртгүүлэх саналыг  танилцууллаа. Сэлбэ гол нь Хэнтий нурууны урд хэсгийн салбар уулсад багтах бөгөөд далайн түвшнээс дээш 1510-1620 метр өндөрт оршдог. Нийт 342.2 км кв нутаг хамардаг. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихтэй зуслан, гэр хороолол бүхий нутагт оршдог. Хойноос урагшаа намссан байдалтай уулархаг, гадарга ихтэй учраас хөрсний бохирдол нь газрын доорх урсцаар хотын төв рүү чиглэсэн байдаг.  Сэлбэ голын эх ой, усны сан бүхий газарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 340 тоот захирамжаар  “Сайф фийлд” ХХК-д цанын бааз байгуулах зориулалтаар 70,0 га газар, аж ахуйн зориулалтаар хоёр иргэнд 1,64 га газарт олгожээ. Гэвч нийслэлийн Байгаль хамгаалах газраас  тэдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлээгүй байна. Тус үлдсэн бүс нутагт ургамлын аймгийн 7 зүйл мод сөөг, 40 овогийн 183 зүйл ургамалтай. Амьтны аймгийн төрөл зүйл болох зараа, туулай, хэрэм, үнэг хярс, саарал чоно цөөн тоотой амьдарч, гахай, бор гөрөөс, хандгай, халиун буга, шилүүс гүйдлээр үзэгдэж түр хугацаагаар байршин амьдардаг байна. Тэднийг цаашид нутагших бүрэн  боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг . НИТХ-ын тэргүүлэгчид, энэхүү саналыг хэлэлцэн  Сүхбаатар дүүргийн 19 хорооны нутаг Сэлбэ голын эх 2071.5 га газрыг байгалийн нөөц газарт авах тогтоол гаргаж, хамгаалалтын дэглэмийг Улаанбаатар хотын Захирагчид даалгахыг үүрэг болголоо. Сэлбэ голын эх газрыг нэг байгаль хамгаалагч хариуцан хамгаалж ирсэн бөгөөд цаашид энд газар ашиглах, эзэмшихийг хориглож, зөвхөн Ой, Усны тухай хууль тогтоомжинд зөвшөөрөгдсөн арга хэмжээг хяналт нь дор гүйцэтгэж байхаар хамгаалалтын дэглэмийг тогтоон мөрдүүлэх юм гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин