ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй уулзлаа
2012-12-03

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсаад суухаар томилогдсон Суурин төлөөлөгч Др.Су Нюнт-У өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвалд бараалхлаа. Др. Су Нюнт-У нь Монгол улсад томилогдон ирэхээсээ өмнө Филиппин улсын Манила хотноо ДЭМБ-ын Суурин төлөөлөгчөөр таван жил гаруй хугацаанд ажилласан ба түүнээс өмнө ДЭМБ-ын НДББ-ийн төвд эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн чиглэлээр захирлын албан тушаал хашиж байжээ.   Уулзалтын үеэр Сайд Н.Удвал Шинэчлэлийн Засгийн газрын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн таван гол зорилтын талаар Суурин төлөөлөгчид товч танилцуулаад тэдгээр зорилтыг биелүүлэх, түүнчлэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр дэмжиж, хамтран ажиллахыг хүслээ. Суурин төлөөлөгч хариуд нь Засгийн газрыг бүх талаар дэмжиж, Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ хоорондын хамтын ажиллагааг цааш улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн чадавх бэхжүүлэх болон эрүүл мэндийн үндэсний бодлого, стратегийн чиглэлээр хамтарсан сургалт, хурал зохион байгуулах санал тавив. Эрүүл мэндийн сайд тус саналыг дэмжин хүлээн авч, ойрын хугацаанд энэ талаар ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар болон ЭМЯ-ны холбогдох удирдлагуудын хамтарсан уулзалт хийж, дэлгэрэнгүй ярилцахаар болжээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин