Монгол, Оросын консулын зөвлөлдөх уулзалт болов
2012-12-05

Монгол Улс, ОХУ-ын Консулын 12 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Москва хотноо өчигдөр амжилттай болж өндөрлөв. Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал А.Г.Карлов нар удирдан явууллаа. Уг уулзалтаар Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан зорчих, тэдгээрийн хүлээн авагч оронд байх үеийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг сайжруулахад чиглэсэн баримт бичгүүдийн төслийн талаар байр сууриа илэрхийлж, иргэдийн эрх ашгийн хамгаалалт, хилийн боомтын үйл ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөв. Түүнчлэн хоёр орны нутаг дэвсгэрт ажиллаж байгаа консулын газруудын үйл ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцав. Зөвлөлдөх уулзалтын үеэр талуудын харилцан тавьсан тодорхой асуудлаар, ялангуяа иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа зарим баримтуудыг солилцож, тэдгээрт талууд тус бүрт нь албан ёсны тайлбар, хариу өгөхөөр болсон байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин