Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын бага хуралд БОНХ-ийн сайд С.Оюун оролцож байна
2012-12-05

Катар улсын Доха хотноо хуралдаж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын бага хурлын Сайд нарын хуралдаан өчигдөр буюу 2012 оны 12 сарын 4-нд эхэллээ. Уг хуралдаанд Катар улсын эмир шейх Хамад Бин Халифа Ал-Тхани, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мүүн, 10 гаруй орны төр, засгийн тэргүүн, тэдгээрийн орлогчид зэрэг өндөр хэмжээний зочид болон 100 гаруй орны сайд нар, бусад албаны хүмүүс оролцож байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мүүн үг хэлж уур амьсгалын өөрчлөлт улам бүр эрчимжиж, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас  учрах хор уршиг улам бүр нэмэгдэж байгаа энэ үед уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулах талаар явагдаж байгаа яриа хэлэлцээнээс бодит арга хэмжээнд шилжих шаардлагатай байгааг тэмдэглэж,  хэрэгжүүлэхэд шилжихийг уриалав.

Сайд нар бага хурлын хүрээнд дэлхийн уур амьсгалын өөрлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах,  дасан зохицох, агаарт хуримтлагдаж байгаа  хүлэмжийн хийн хэмжээг бууруулахад чиглэсэн  арга хэмжээ авахад нь уур амьсгалын өөрчлөлтөд илүү ихээр өртөж байгаа улс орнуудын чадавхи, боломжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, санхүүжилтын механизмыг бүхэлд нь шийдсэн цогц арга хэмжээ авах , өндөр хөгжилтэй улс орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг шинээр тогтоохтой холбоотой гаргах шийдвэрийн талаар санал солилцож, нэгдсэн шийдэлд хүрэхээр ажиллаж байна.

Уг дээд хэмжээний хуралдаанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун оролцож байна. Тэрээр бага хурлын хүрээнд явагдаж байгаа яриа хэлэлцээнд оролцож, Монгол улсыг төлөөлж үг хэлэхийн зэрэгцээ мөн зарим олон улсын байгууллагын тэргүүн, сайд нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байна..

Доха хот. 2012 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Shuud.mn
Сонин хачин