Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байна
2012-12-07

Чуулганы хуралдаанаар Монгол Улсаас гадаад улсад суух зарим Элчин сайдыг томилох, эргүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн санал  дүгнэлтийг тус хорооны дарга Ц.Цолмон танилцуулсан.

Ерөнхийлөгчийн санал болгосоноор  БНАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Г.Батжаргал, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Алтангэрэл, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар О.Дамбийням, Бельгийн Вант Улс болон Европын холбоонд суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Х.Даваадорж, БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Ж.Сүхээ, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар С.Энхбат, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Ганболд, БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Батхишиг нарыг тус тус томилохоор болжээ.

Ерөнхийлөгч  Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Энхсайхан, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Бэхбат, Бельгийн Вант Улс болон Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Баттөр, Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Аюурзана, Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К.Сайраан, Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэл, Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд О.Очиржавыг эргүүлэн татахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцээд олонхын саналаар дэмжсэн тухай танилцуулсан юм.

 Үүний дараа Д.Лүндээжанцан гишүүн  “Олон Элчин сайдыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж явуулж байсан. Улс төрийн томилогооноос аль зэрэг татгалзав. Гадаад харилцааны салбарт зөв зохистой ажиллах мэргэжлийн дипломатуудыг  оруулж ирсэнд талархаж байна. Нарийн мэргэжлийн хүмүүсийг дипломат албанд оруулах ёстой болов уу. Энэ бүхнийг цэгнэж томилгоонд хандах ёстой бодож байна” гээд   Афгинастанд  элчин сайдын яам дахин байгуулах болж байгаа юм уу гэсэн асуултыг тавьсан.

Эл асуултад Афганистанд  Монгол Улс элчин сайдын яамаа  1993 онд түр хааж хүмүүсээ татаж авсан. Шинээр хүн томилж байгаа нь сүүлийн жилүүдэд тус улсад энхийн үйл явдалд монголчууд  идэвхтэй  оролцож байгаа, элчингээ томилж ажиллуулах зүйтэй  гэсэн байр суурьтай байгаа гэв. Чуулганаар асуулт хариулт үргэлжилж байна.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин