М.Карлсен чансааны дээд амжилт тогтоов
2012-12-13

Саяхан Лондон хотноо явагдсан Сонгодог шатрын уламжлалт тэмцээнд түрүүлсэн Норвегийн 22 настай их мастер М.Карлсений чансаа 2862-д хүрч 13 жилийн өмнө Г.Каспаровын тогтоосон рекорд 2851 үзүүлэлтийг шинэчлэв. Дээд амжилтын эзэнд Норвегийн ерөнхий сайд баяр хүргэж, тус улсын хэвлэлүүд түүний чансааны өсөлтийн хурдыг Ямайкийн хөнгөн атлетикч, алдарт Усэйн Болтын олон рекордтай зүйрлэж байна. Олон улсын шатрын холбоо (FIDE) 1970 оноос эхлэн Америкийн физикч А.Элогийн томъёоллыг ашиглан Дэлхийн шатарчдын чансааг тооцоолон тогтоох болсноос хойш энэ үзүүлэлтийн дээд амжилтыг бүртгэн тэмдэглэж ирлээ. Тухайлбал домогт Р.Фишер өрсөлдөгчдийн цуврал тэмцээнүүдэд М.Тайманов, Б.Ларсен, Т.Петросян нарыг “бут ниргэж” 1972 онд Б.Спасскийг халз тулаанд ялан Дэлхийн аварга болсноор 2785, Г.Каспаров Тилбург, Белградын зэрэг хэд хэдэн томоохон тэмцээний гялалзсан амжилтаараа 1989 онд 2805, мөн Г.Каспаров түүнээс арван жилийн дараа Вейк-ан Зее, Линарес болон Сараевод явагдсан супер тэмцээнүүдэд дараалан түрүүлж чансаагаа 2851-д хүргэн тухайн үедээ үнэмшмээргүй, эвдэгдэшгүй дээд амжилт тогтоосон билээ. Тэр үед Дэлхийн аваргатай өрсөлдөх зиндааны шатарчдын чансаа нь 2800-д ч хүрч чадахгүй байсан ажээ.   Л.Тогоохүү   14 настай М.Карлсен алдарт Г.Каспаровтой нүүж байгаа нь. 2004 он  
Shuud.mn
Сонин хачин