"Next Stop” харшийн наадмыг 20 дахь жилдээ зохион байгуулна
2012-12-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Next Stop” харшийн наадмын үе үеийн шилдгүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. “Монголын залуучуудын холбоо”, “Залуу удирдагч сан”-гаас хамтран зохион байгуулдаг “Next Stop” харшийн наадмын анхны “Оны шилдэг залуу улстөрч”-өөр тодорч байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй үе үеийн 24 шилдэг улстөрч, эдийн засагч нар чуулж, тус наадмын 20 жилийн ойн арга хэмжээний талаар санал солилцлоо. Зохион байгуулагчид “Next Stop” харшийн наадмын 20 жилийн ойг “Сүү өргөж амьдаръя” нэртэйгээр тэмдэглэхээр төлөвлөжээ. Уулзалтын эхэнд “Монголын залуучуудын холбоо”-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэлсэн үгэндээ “Эрхэм Ерөнхийлөгч өө, он оны шилдэг улстөрч, эдийн засагч, бизнесмэн та бүхэнд бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. “Next Stop” харшийн наадмын шилдгээр шалгарч явсан залуучууд, бидний бахархал болсон хүмүүс энд хүрэлцэн иржээ. Энэхүү наадам 2004 он хүртэл шилдгүүдээ тодруулж, нийгэмд түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Найман жил завсарласны дараа энэхүү наадмыг буцаан сэргээх шаардлага нийгэмд үүсч, ач холбогдол нь та бүхнээр илрэн гарч буйг бид бэлхнээ харж байна. 1992 онд “Оны шилдэг залуу улстөрч”-өөр шалгарсан Ц.Элбэгдоржид бид хүсэл тавьсны дагуу энэхүү уулзалт зохион байгуулагдсан. Энэхүү уулзалтын гол зорилго нь “Next Stop” харшийн наадмыг сэргээж, нийгэмд эзлэх байр суурь, үүрэг хариуцлагыг нь хэрхэн сайжруулах талаар санал солилцоход оршиж буй юм” гэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн саналаа илэрхийлэхдээ “Оны шилдэг залууг тодруулах уламжлалыг сэргээх тухай шийдвэр оновчтой гэдэгт итгэж байна. Миний зүгээс гурван зүйлийг хэлье гэж бодсон юм. Өмнө нь шалгаруулалт шударга ил тод явдаг байсан. Тухайн үед нийгэмдээ үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн төлөөллийг гаргаж чаддаг байсан. Энэ уламжлал цаашид хадгалагдана гэдэгт итгэж байна. Хоёрдугаарт, нэгэнт нийгэм эдийн засгийн салбараас шалгарсан тухайн хүн өөрөө тодорхой хариуцлага хүлээдэг. Иймээс тухайн шилдэг залуу нийгэм буруу үлгэр дууриал үзүүлж, хазгай гишгэх эрхгүй болдог. Эцэст нь хэлэхэд энэхүү арга хэмжээ шинэ жилээр тохиох учраас архи дарсгүй, өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, зохион байгуулалттай байх хэрэгтэй. Энэ бүхний дагуу наадмын үйл ажиллагаа эргэж сэргээсэй гэж хүсч байна” хэмээв. Дараа нь оны шилдэг залуу шагналын үе үеийн эзэд санал бодлоо солилцов. Уг шагналын эзэд нь Н.Золжаргал, Б.Батбаяр, Р.Амаржаргал, Б.Дэлгэрмаа, Х.Баттулга, Х.Хулан, Л.Болд, Э.Бат-Үүл, Б.Жаргалсайхан, Н.Энхбаяр, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Да.Ганболд, З.Энхболд, Ж.Үнэнбат, Н.Баяртсайхан, Ж.Оджаргал, Л.Гүндалай, Д.Баясгалан, М.Энхболд, О.Баяр, У.Барсболд, П.Батсайхан нар юм. “Монголын залуучуудын холбоо” болон “Залуу удирдагч сан” хамтран 1992 онд анх “Next Stop” харшийн наадмыг санаачилж, оны шилдэг залуу улстөрч, эдийн засагчийг тодруулдаг уламжлалтай билээ. Энэхүү арга хэмжээ үе үеийн шилдэг залуу лидерүүдийг тодруулж, ирээдүйн удирдагчдыг тодорхойлсоор ирсэн. Оны шилдгээр тодорсон залуучууд хожим улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, манлайлагчид болсон нь “Next Stop” харшийн наадмын нэр хүнд, чансааг өргөсөн юм. “Монголын залуучуудын холбоо”-ны дэргэдэх Залуучууд сургалт судалгааны “Полиси” төвөөс хуульч, сэтгүүлч, улс төр судлаач, эдийн засагч, социологи, гүн ухааны салбарын мэргэжилтнүүдээс авсан санал асуулгаар “Оны шилдэг” өргөмжлөлийг хүртсэн залуучууд дотроос Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд олноороо төржээ. XXI зууны сүүлийн арван жилд Монгол Улсын нийгэм, улс төрийн амьдралд онцгой хувь нэмэр оруулсан хүнээр С.Зоригийг тодруулж, “Сүүлийн арван жилийн хүн”-ээр шалгаруулсан байна. “Next Stop” харшийн наадмын анхны буюу 1992 оны шалгаруулалтын “Оны шилдэг залуу улстөрч”-өөр өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Оны шилдэг залуу эдийн засагч”-аар Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч Н.Золжаргалыг тус тус тодруулж байв. Мөн 1995 оноос хойш “Оны шилдэг залуугийн лекц унших ёслол”-ыг Төрийн ордонд зохион байгуулж байсан аж.  
Shuud.mn
Сонин хачин
Энэ наадам чинь тээр жил 1990 ээд оны эхэн үед ерөнхийлэгч асан Очирбат гуай ийм тансаг сайхан наадам байдаг юм байна гэж хэлж байсан юм биз дээ
2012-12-14