Тунисийн ард түмэн ерөнхийлөгчөө эсэргүүцэв
2012-12-18

Тунисийн ард түмэн ерөнхийлөгч Монсеф аль-Марзузкиг эсэргүүцэн нийслэл хотын төв талбайд түүнийг гарч ирэхэд ерөнхийлөгч рүү улаан лооль, чулуу шидэж дургүйцлээ илэрхийллээ. Монсеф Марзузки бол хоёр жилийн өмнө “Арабын хавар”-ыг эхлүүлэгчдийн нэг юм. Иргэдийн эсэргүүцэл, бослоготой нүүр тулгарсан тэрээр бие хамгаалагчдаараа хүрээлүүлэн бослого үймээн болж буй газраас хурдхан зугтаажээ. Өнгөрөгч онд 23 жилийн турш төрийн эрхийг атгаж байсан Бэн Али ерөнхийлөгчийн суудлаас бууж Монсеф Марзузки ерөнхийлөгч болсон хэдий ч ард түмний амьдрал ахуй төдийлөн сайжрахгүй байгаад иргэд бухимдалтай байгаа юм. Тиймээс шинэ засгийн газар бий болсон цагаасаа  хойш энэ төрлийн хэд хэдэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Монсеф Марзузкиг эсэргүүцэн 5000 гаруй хүн цугласан тухайд Асошейтэд Прэсс агентлаг мэдээлсэн юм. Тэдгээр босогчид “Иргэд засгийн газрыг унагахыг хүсч байна” хэмээн хашхиралдаж байжээ. Ерөнхийлөгч Монсеф Марзузки анх нэр дэвшин  гарч ирэхдээ зургаан сарын дотор улсынхаа эдийн засгийг сайжруулж, ядуурлыг бууруулна гэж байсан ч  одоо хэр иргэдийн амьдрал ядуу буурай хэвээр байгаа нь иргэдийн бухимдуулж байгаа юм. Э.Мөнхнасан    
Shuud.mn
Сонин хачин