Хөлбөмбөг: Д.Старрижийн тухай 10 баримт
2013-01-03

Өвлийн солилцоо, наймааны цонхоор "Ливерпуль" - д ирсэн шинэ цэрэг Д.Старрижийн тухай 10 баримтыг танилцуулъя. 1. Даниэл Старриж 1989 оны 9 сарын 1-нд Бирминхэмд төрсөн. 2003 онд Манчестер Ситигийн академид элсэхээсээ өмнө Астон вилла, Ковэнтри багуудад хичээллэж байсан. 2. Старриж хөлбөмбөгийн удамтай. Тэрээр Дэрби каунти, Вулвэрхэмптон зэрэг багуудад тоглож байсан довтлогч Дин Старрижийн зээ юм байна. 3. 2007/08 оны улиралд Даниэл залуучуудын болон насанд хүрэгчдийн ФА цом, Английн ПЛ-д  гоолдсоноор дээрх тэмцээнүүдэд нэгэн улиралд гоолдсон анхны тоглогч болжээ. 4. 2009/10 оны улиралд Чэлсид Карло Анчэлоттигийн удирдлаган дор байхдаа Английн Холбооны цомын эзэн болж, 4 гоолтойгоор багийнхаа мэргэн бууч болж байж. 5. 2011 оны өвөл 1-р сард Даниэл Болтон руу зээлээр явж очингуутаа  Вулвэрхэмптон, Тоттэнхэм, Эвертон, Ньюкасл багуудын хаалганд дараалан гоолдсоноор ПЛ-н түүхэнд шинээр очсон багийнхаа өмнөөс эхний 4 тоглолтодоо гоолдож чадсан 6 дахь тоглогч болсон байна. 6. Старриж довтолгооны төвд тоглохоос гадна жигүүрээр бас тоглодог. "Биеийн хүчний сайн бэлтгэлтэй байх нь жигүүрт амжилттай тоглоход тустай байдаг. Гэвч төвд тоглохоос арай өөр онцлогтой. Жигүүрт байнга хөдөлгөөнтэй байхыг шаарддаг. Тьэрри Анри Ювэнтүсд байхдаа жигүүрийн довтлогч байсан бол Арсэналд ирээд төвийн довтлогч болсон" хэмээн түүний арга барилаар тоглохыг хичээдэг тухайгаа 2012 оны 3-р сард  Sky Sports-д өгсөн ярилцлагандаа өгүүлжээ. 7. 2011/12 оны ПЛ-н эхний тоглолтондоо тэрээр Сандэрлэндийн хаалганд өсгийлдөн нэгэн гайхалтай гоолыг оруулж байлаа. 8. Даниэл Старриж Английн залуучуудын  U-16-с эхлээд U-21 хүртэлх бүх шатны шигшээд дуудагдан тоглож байсан. Эцсийн шат болох үндэсний шигшээ 2011 онд дуудагдан 11 сарын 15-нд Швэдийн эсрэг дебютээ хийж байжээ.  2010 онд 17 хүртэлх насны залуучуудын Европын АШТ-ий финалд Италийн хаалганд гоолдож байсан. 9. Даниэл Старриж ПЛ-н аварга, 2 удаагийн ФА цомын аварга, Аваргуудын лигийн аваргын алтан мэдалиудтай. 10. 2012 оны зун Стюарт Пирс түүнийг Лондонд болсон 30-р Олимпийн наадамд оролцох Их Британийн шигшээ багт дуудаж, Даниэл 2 гоол оруулсны дотор одоогийн багийн анд Луис Суарэзаар манлайлуулсан Уругвайн шигшээгийн хаалганд хожлын гоол оруулсан байна. www.liverpoolfc.mn
Shuud.mn
Сонин хачин