Миний мөн чанар "Монгол хүн"
2013-01-04

Нэг. Намтрын товчоон

-PhD. 2011 \Техас А&M их сургууль, АНУ\ -PhD. 2000, \Палацкийн их сургууль, Чех Улс\ -Эрдэм шинжилгээний ажилтан \Аризонагийн их сургууль , АНУ: 2011, 2012; Техас A&M их сургууль, АНУ: 2003, 2005, 2006; Макс Планкийн Институт, Герман: 2003, 2004\ -Физикийн багш \МУИС, Монгол: 1996,1997, 2000-2002\ ...2001 онд Америкт биологийн алан хядах халдлага гарав. Шуудангаар илгээсэн боомын нянтай хэд хэдэн дугтуйг хүлээн авсан хүмүүс халдвар авсан байна. Ийм дугтуйг хүлээн авсан 22 хүнээс 5 нь нас баржээ. Квант физикийн нэрт эрдэмтэн судлаач, профессор Марлан Скаллигийн хүү нь онгоцны нисгэгч аж. Нэг удаагийн нислэгийн өмнөхөн онгоцноос нь дугтуйтай үл мэдэгдэх нунтаг олдсоноор зорчигчид нь айн сандралдав. Биологийн ээлжит халдлага байж магадгүй хэмээн айн болгоомжилсон хэрэг. Харамсалтай нь уг нунтгийг боомын халдварт нян мөн эсэхийг шуурхай мэдэх ямар ч боломжгүй бөгөөд заавал лабораторид аваачиж шинжилгээ хийдэг ёстой. Энэ хэрээр ихээхэн цаг хугацаа алддаг аж. Нисгэгч залуу уг болсон явдлын талаар эцэгтээ \Скаллид\ ярьснаар аав нь энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн гэдэг. Боомын халдварт нянг шуурхай мэдрэх технологи нэвтрүүлэх нь олон жил дамнасан шийдэгдээгүй ярвигтай асуудал. Харин профессор М.Скаллигийн удирдсан Принстон болон Техас A&M их сургуулиудын хэсэг физикчдээс бүрдсэн судалгааны багийнхан энэ асуудлыг зарим талаар шийдэж чаджээ. Тэд боомын нянг секундийг хэдэн зуу хуваасны нэгтэй тэнцэх хугацаанд таньж чадах аргачлал бий болгосноор дэлхийн дээд рекордыг албан бусаар тогтоосон аж. Энэ багт монгол залуу эрдэмтэн Г.Ариунболд орж ажилласнаар уг бүтээлийн эздийн нэгд албан ёсоор тооцогдох болжээ. Амжилттай хэрэгжсэн энэ төслийн талаар олон сувгаар мэдээлсэн. Энэ шинэ технологийн талаар Принстоны их сургуулийн мэдээнд дурдагдаж, SCIENCE сэтгүүлд 2007 онд хэвлэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 140 удаа ишлэгдээд байна. 2012 оны 12 сарын дундуур Г.Ариунболдтой уулзаж ярилцахаар Аризона мужийн Тусон \Тucson\ хот руу нислээ. Тусон хэмээх жижиг хотын онгоцны буудал дээр Г.Ариунболд намайг тосч, бид хамтдаа 2 өдрийг өнгөрүүлснээр энэ ярилцлага бүтсэн юм.

Хоёр. Эрдэмд шамдсан он жилүүд

Г.Галбадрах: -Хаана төрж, хаана өсөв? Г.Ариунболд: -Манай аав ээж хоёр Говь-Алтайн хүмүүс, нэг ангийн хоёр. Би өөрөө Налайхад төрсөн. Налайх бол дээхэн үеэс нүүрсний том уурхайг түшиглэж газар газраас цугласан хүмүүс амьдардаг их өвөрмөц хот. Аав минь нилээд дээр өнгөрсөн. Ээж минь насаараа л Налайхын уурхайн эмийн сангийн эрхлэгч хийсэн хүн. Манайх намайг төрөөд хэдхэн хоногтойгоос эхлээд бараг л жил болгон Богд уулын ам “Шажин хурах” гэдэг газарт зусдаг байлаа. Үеэлүүдтэйгээ нийлээд тэнд зунжингаа наадан тоглож, гишүү мөчир түүж, хад, гүзээлзгэнэ амтархан идэж, уулын горхинд умбаж, бага нас минь үнэхээр жаргалтай сайхан өнгөрсөн. Шажин хурахад нүүж очсон анхныхаа өдөр л гутлаа тайлаад орхичихно, намар зуслангаас буух болохоор гутлаа хайгаад олдоггүй, зунжингаа өсгийгөө ѳм цѳм хагартал хөл нүцгэн гүйдэг тийм л жаргалтай үе байлаа шүү дээ. Энэ нэрний учир гэвэл дээр үед Монгол Хуралдай болоход, төрийн түшмэд нь "Төр хурах"-ын аманд, харин шашны мэргэд нь "Шажин хурах"-ын аманд хуран чуулдаг байсан гэж хуучилдаг байж билээ. Тийм болохоор "Шажин хурах" бол нэрнээсээ аваад л ариун дагшин газар гэж би үргэлж боддог. Г.Галбадрах: - Хөдөө тэгж өссөн хүүхдүүд л байгаль дэлхийтэйгээ илүү ойр байдаг даа. Г.Ариунболд: -Тэгэлгүй яахав. Тэгж өсөхдөө л байгаль дэлхийдээ ойр байж, сэтгэлээсээ мэдэрч, яаж хайрлах ухаанд суралцдаг юм. Унасан газар минь Налайхын хонхор, угаасан ус минь Шажин хурахын уулын горхи. Тарваганы дош, зам харгуй, хад асга болгоныг ч андахгүй. Нүүж ирэх үеэр томчуудын ам амандаа "Тэр зам баларчихаж, тэр хэсэгт нялх модод ургаад наашилчихаж" гэхийг сонсонгоо бут сөөг, зам харгуй, горхи булгаа хувийнх юм шиг л дотроо бүртгэнэ. Гадаадад олон жил явахдаа ихэвчлэн "Шажин хурах"-аа л зүүдэлдэг юм. Энэ бол миний нутаг. Тийм ч болохоороо одоо хэр нь Монголын байгаль орчны сүйрэл, байгалийг хордуулж байгаа элдэв асуудлын талаар санаа зовж, сэтгэл шаналж явдаг. Г.Галбадрах: -Сургуульд хаана боловсров? Г.Ариунболд: -1-р ангидаа Налайхад суралцаад 1988 онд МУИС-ийн дэргэдэх "гүнзгийрүүлсэн сургалттай физикийн анги" -д элссэн. Энэ сургуульд 8-р ангиас шалгаруулж элсүүлдэг байсан. Тэр сургуульд би цалинтай сурагч байв. Тэр цагаас хойш эрдмийн мөр хөөж, өнөөг хүртэл олон жил явлаа даа. Г.Галбадрах: -Тэр цагаас хойш физикээр л дагнаж суралцсан уу? Г.Ариунболд: -Тийм ээ. Гүнзгийрүүлсэн сургалттай физикийн ангид 2 жил суралцаад МУИС-ийн физикийн ангид оров. МУИС-даа 4 жил сурч, 1994 онд төгсөөд, тэндээ онолын физикээр магистрт сурч хамгааллаа. Дараа нь МУИС-даа багшилж байгаад 1997 онд Чех улсын Оломоуц хотын Палацкийн Их Сургуулийн Оптикийн тэнхимд профессор Ян Перина \Jan Perina\-гийн удирдлагаар квант физикийн онолын чиглэлээр эхний PhD. гээ хамгаалсан. Квант оптикийн зарим нэг онолын бодлогуудыг бодож, хэд хэдэн ажил хэвлүүлсний зарим нь одоо хүртэл ишлэгдэж байдаг. Г.Галбадрах: -Нэг ёсондоо Физикийн Шинжлэх Ухаан хэмээх том далай руу эргэж буцалтгүй оржээ дээ? Г.Ариунболд: -Тэгсэн. Мэргэжлийнхээ чиглэлээр Европт болсон олон хурал цуглаанд оролцож, олон мундаг эрдэмтэдтэй танилцаж, тэднийг биширч явлаа. Энэ жил физикээр Нобелийн шагнал хүртсэн проф. Серж Харош \Serge Haroshe\-той тэртээ 1999 онд гуйн зургаа хамт татуулж байсан нь санаанд ил. Тэр үед, аль хэдийн Нобелийн шагналын болзол хангачихсан квант оптикийн олон эрдэмтэд байлаа. Сэрж Харош, Рой Глаубер \Roy Glauber\, Теодор Хайнш \Theodor Haensch\, Херберт Вальтер \Herbert Walther\, Марлан Скалли \Marlan Scully\, Антон Цайлингер \Anton Zeilinger\ зэрэг "үлэмж биетнүүд" квант оптикийн салбарт "ноёрхож" байв. Дээрхийн гэгээнтэн Далай ламтай квант физикийн зарим асуудлаар ном хаялцан шуугиан тарьж байсан проф. А.Цайлингер намайг судалгааны багт нь очиж илтгэл тавих үеэр өөрийн бичсэн номоо надад бэлэглэсэн. Миний удирдагч Перина ч бас квант оптикийн анхны сурах бичгийг гучин хэдхэн насандаа бусдаас түрүүлж бичсэн нь одоо хэр нь "цагаан толгой" болон хэрэглэгдэж байгаа. Г.Галбадрах: - Чехэд докторын зэрэг хамгаалсныхаа дараа ямар сонголт хийв? Г.Ариунболд: -Чехээс буцаж МУИС-даа ирж, 2 жил багшилсныхаа дараа АНУ-ын Техасын A&M их сургуульд проф. Марлан Скаллигийн багт ажиллаж эхэлсэн. Түүний квант оптикийн институтэд олон арван нэр хүндтэй эрдэмтэд, тэр дундаа хоёрын ч зэрэг Нобелын шагналтан ажилладаг \дэлгэрэнгүйг эндээс харна уу http://iqse.tamu.ed/u\  Үнэндээ энэ хүнтэй хамтарч ажиллах нь миний мөрөөдөл байлаа. МУИС-д сурч байхдаа Скаллигийн номыг олж уншсан юм. Тэр ном их энгийн ойлгомжтой эхэлж байснаа аажим аажмаар квант оптикийн хүнд асуудлууд руу хөтлөөд оруулчихна. Нарийн шинжлэх ухаан гэдэг бол тийм ч аймаар хэцүү зүйл биш юм гэдгийг энэ номноос мэдэрсэн. Тэр үед л надад зорилго бий болсон доо. 1990-ээд оны эхээр нийгэм задарч, хүн болгон амьдралаа босгох гэж "юун эрдэм ном" болж байлаа шүү дээ. Тэгэхэд би сургуульдаа л үлдсэн. Тэгээд алдаагүй ээ! Г.Галбадрах: -Зорилго тодорхой байсан болохоор чи эргэлзээгүй байх л даа. Г.Ариунболд: - Магадгүй юм аа. Тэгээд АНУ-д ирж ажиллаад 6 сар болж байтал Германы Мюнхен хотын дагуул жижигхэн хот Гархингд байдаг Макс Планкийн Квант Оптикийн Институтэд проф. Херберт Валтерын багт Хумбольдтийн Сангийн тэтгэлгээр очиж ажиллахаар боллоо. Тэр бол квант оптикийн "ариун шүтээн" гэж хэлж болох газар. Нэг ёсондоо Хар Хорум эсвэл Мекка-тай зүйрлүүлж болно. Тэндэхийн тогооноос Р.Глаубер, Т.Хайнш нарын Нобелийн шагналтнууд сая төрөн гарлаа шүү дээ. Удахгүй тэндээс дахиад ч Нобелийн шагналтан гарах байх. Миний тэнд очсон нь Ц.Ганцог багшийн маань ач. Багшийн зөвлөснөөр тэд надад санал тавьсан юм билээ. Тэндээ үндсэндээ жил хагас ажиллаад бидний төсөл дууссан. Ингээд проф. Х.Валтерын зөвлөснөөр М.Скаллигийн багтаа эргэн ирж ажиллав. Г.Галбадрах: -Буцаж ирэхдээ илүү тодорхой зорилготой болсон байх? Г.Ариунболд: -Тийм ээ. Европоосоо Америкт ажиллах нь надад илүү чөлөөтэй санагдаад. Эндээ онолын чиглэлээр ажиллаж байгаад 2006 оноос өөрийгөө дахиж сорих нэг алхам хийлээ. Энэ нь хэрэглээний лазерын чиглэлээр дахин PhD. хийхээр сэтгэл шулуудсан явдал. Ингэх олон шалтгаан байсан л даа. Тухайлбал, туршлагын физикээр нарийн мэргэшиж, онол-туршлагын "хос морь"-той болох. Нөгөө талаар Скалли бол квант оптикийг үндэслэгчдийн нэг төдийгүй Нобелийн шагналт Уиллис Лэмбийн шавь. Өрнөдөд өөрийн PhD дипломын удирдагчаа "доктор эцэг" гэж нэрлэдэг жишгээр би Лэмбийн "зээ шавь" болно гэсэн үг. Хэдийгээр би оюутан болох ч гэсэн оюутны биш, эрдэм шинжилгээний ажилтны зэрэглэлээр тасралтгүй үргэлжлүүлэн цалинжих олон жилийн баталгаа. Тэр үед хэрэгжүүлэхэд ярвигтай мөртлөө маш нэр хүндтэй төсөл эхэлж байсан бөгөөд яг гардаж хэрэгжүүлэх мэргэжлийн хүн хүрэлцээгүй байсан зэрэг нь шийдвэр гаргахад нөлөөлсөн. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь "Эрдэмд оройгүй!" гэсэн уламжлалт итгэл үнэмшил намайг зоригжуулж байсан. МУИС-ийн физикийн О.Лхагва багш маань бидэнд "-Номыг галзуу нохойны амнаас ч хамаагүй булаан авч сурдаг юм!" гэж сургаж байсан нь тэр үед санаанд орж байсан шүү. Г.Галбадрах: -Нууц биш бол энэ ямар төсөл байсан бэ? Г.Ариунболд: -Скалли бол олон ч нээлт хийсэн, нөлөөтэй том эрдэмтэн. Хүн эрдмийн ажил хийх нэг хэрэг. Гэтэл үүнийхээ хажуугаар менежмент сайн хийнэ гэдэг нь хүн болгонд байдаг авьяас биш. Скалли бол мундаг эрдэмтэн хэрнээ бас мундаг менежер хүн. Бараг 100 гаруй эрдэмтэд, PhD. оюутнууд түүний шууд удирдлага дор ажилладаг. Гэтэл надтай урьд нь уулзахдаа юу ярьж байсан, дараа уулзахдаа түүнийгээ л үргэлжлүүлээд ярьж чаддаг хүн. Гайхалтай чадвартай. Бид энэ төслийг Америкийн Батлан Хамгаалахын ахисан түвшиний Эрдэм шинжилгээний Агентлаг \DARPA\-аас авсан юм. Энэ бол зөвхөн квант физик төдийгүй биологитой холбоотой төсөл. Боомын халдвартай нянг аль болох хурдан хугацаанд танин мэдэх зорилготой. \Энэ түүхийг ярилцлагын эхэнд дурдсан болно. Г.Г\ АНУ-д 9 сарын 11 ны террорист халдлагын дараа, биологийн халдлага болсон юм. Үүнээс болоод DARPA энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн гэдэг. Өнөө үед дорвитой төсөл хэрэгжүүлэхэд ганц нэг эрдэмтэн эсвэл ганц судалгааны баг хүчин мөхөсдөнө. Энэ бол яг тийм хэмжээний төсөл. Эхний хэдэн жил олигтой үр дүн гарах нь бүү хэл "ханхлах" ч үгүй байлаа. "Бүтэшгүй төсөл" гэдгийг зарим эрдэмтэд бүр онолын үндэстэй "баталж" байв. Энэ бүхнээс үзэхэд шинжлэх ухааны аливаа асуудлыг яаран үгүйсгэх, эсвэл үл ойшоохоосоо өмнө "Яагаад болдоггүй юм бэ" гэдгийг ухаж ойлгохыг хичээж, ханцуй шамлаад ороод явчих нь амжилтад хүрэхэд нөлөөлдөг байж магад гэдгийг мэдэрсэн шүү. Барууныхан "сүрлэн бухал дундаас зүү эрэхтэй адил хэцүү" гэж хэлэлцдэг шүү дээ. Харин бид тэр зүүг олж чадсан юм даа. Юу гэвэл, бид секундыг хэдэн зуу хуваасны нэгтэй тэнцэх хугацаанд боомын нянг оношлох аргыг олж чадсан. Тэгээд патентаа ч авсан. Энэ бол технологийн нээлт юм. Асуудлыг бид лабораторид шийдсэн байгаа. Одоо бол практикт яаж хэрэгжүүлэх вэ? гэдэг асуудал үлдсэн. Энэ чиглэлээрээ төсөл мааньүргэлжилнэ гэсэн үг. Энэ төсөл дээр ажиллаж байхдаа хоёр дахь PhD. -гээ ч хамгаалж амжсан. Г.Галбадрах: - Ийм мундаг технологийн нээлтэнд монгол хүний оролцоо явж байна гэдэг. Энэ бол үнэхээр бахархалтай санагдаж байна шүү! Г.Ариунболд: -Эрдэм шинжилгээний нилээд хэдэн сайт болон нэр хүндтэй сэтгүүлүүдээр бидний амжилтыг шуурхай мэдээлж байлаа. Гэтэл харамсалтай нь Монголд маань энэ талаар ямар ч мэдээлэл алга байв. Эрдэм шинжилгээний бүтээлүүдийн ишлэл бол нэг гол үзүүлэлт байдаг. Бидний 2007 онд Science  сэтгүүлд хэвлүүлсэн ажлыг тавхан жилийн дотор, өнөөдрийн байдлаар 140-өөд удаа ишлээд байна. Энэ жил бол миний хувьд хамгийн олон өгүүлэл хэвлүүлсэн оргил үе байлаа. Миний бичиж хэвлүүлсэн ажлуудыг google.com сайтаар Гомбожав О Ариунболд \ golmbojav o ariunbold\ нэрээр хайж сонирхож болно. Эрдмийн ажлуудаа гадаадын мэргэжлийн эрдэмтдээр үнэлүүлэх нь илүү бодит үнэлэмж гэж би боддог. Өнөөх төслийн ажлаа дуусгасны дараа наашаа Аризонагийн Их Сургуулийн Оптикийн Шинжлэх Ухааны Коллежи \College of Optical Sciences\-д хэрэглээний лазерын чиглэлээр ажиллаад хоёр жил болж байна. Үндсэндээ хорь шахам жил эрдмийн ажил хийлээ.

 Гурав. Шинжлэх Ухааны тухай товч хөөрөлдөөн

Г.Галбадрах: -Шинжлэх ухаанаар ингэж олон жил зутгэж явахдаа чухам юу мэдрэв? Г.Ариунболд: -Шинжлэх ухаанд зүтгэнэ гэдэг юмаа гээчихсэн хүн шиг цуцалтгүй эрэл хайгуул, хэний ч мэдээгүйг бусдаас түрүүлж мэдэхийн сэтгэл ханамж, алхам алхмаар "нээлт" рүү дөхөх урам зориг, хүсэл эрмэлзлэл юм уу даа. Энэ зам хүн бүрт нээлттэй боловч, хүссэн хүн бүр замнах бас боломжгүй. Нөгөө талаар олон хүмүүс, эрдэмтэдтэй танилцаж харилцааны цоо шинэ шатанд дөхөж очдог гэж хэлж болно. Тэр хэрээр эгэл жирийн байх, бусдад адил тэгш, хүнлэг энэрэнгүй хандах, даруу төлөв байхад ч бас суралцдаг болов уу гэж боддог. Г.Галбадрах: -Юм болгон хоёр талтай болохоор, шинжлэх ухаанд зүтгэхэд бас сул тал байдаг байх? Г.Ариунболд: -Мэдээж харамсч дургүйцмээр зүйлүүд байнаа. Улс орнууд эрдэм шинжилгээний бүтээлүүдийг заримдаа дайн байлдааны зориулалтаар ашигладаг. Би тийм зорилгоор эрдмийн ажил хийхээс болж өгвөл зайлсхийхийг хичээдэг. Эрдэмтэн хүнд ёс зүйгээс гадна хүний мөс, жудаг гэдэг юм амин чухал байх ёстой дог. Шинжлэх ухаан, эрдэм мэдлэг, техник технологийнхоо дэвшлээрээ түрий барьж бусад орны хүн ардын эрх ашигт хор хүргэх, эрсдэлд оруулах нь буруу зүйл. Миний одоогийн ажиллаж байгаа эрдэм шинжилгээний багийн хүндэт гишүүн Нобелийн шагналт Н. Блумберген \N.Bloembergen\ "өнөөдөр бид лазерыг энхийн зорилгоор илүү ашиглаж байгаа" гэж хэлж байсан. Харамсалтай нь цэрэг дайны зориулалтаар маш олон төсөл хэрэгжсээр л байгаа. Үүнд олон эрдэмтэд оролцдог. Эрдмийн мөр хөөж байгаа залуус "хийх гэж байгаа эрдмийн ажлынхаа ач холбогдол хор хөнөөлийг тунгааж, асуудалд нухацтай хандаж" байх нь зүйтэй гэж хэлмээр байна. Г.Галбадрах: -Тийм ээ, би энэ асуудлын хувьд чамтай санал нэг байна. Г.Ариунболд: -Надтай адил үзэл бодолтой олон эрдэмтэдтэй таарч явлаа. Тухайлбал, АНУ-ын 35 шилдэг залуу эрдэмтний нэгээр шалгарч байсан Харвардын эрдэмтэн эмэгтэй, надад өөрийнхөө компанийн тухай танилцуулж байсан. Түүний мөрөөдөл бол гар утас шиг жижиг, хямдхан оношлогооны багаж бүтээх явдал. Хичнээн ядуу ч бай, бүр гуйлгачин ч бай өнөөдөр гар утас бариагүй хүн ховор. Хэрэв тэр мөрөөдөл биелбэл, жирийн хүн өөрийнхөө удамшлын мэдээллээ унших төдийгүй өвчнөө өөрөө оношлох боломжтой болох юм. Тэр үед хүн эрүүл байх эрхээ эдлэх бүрэн боломж нээгдэнэ гэсэн үг. Г.Галбадрах: - Шашин болоод шинжлэх ухааны харилцааны тухайд? Г.Ариунболд: - Эрдэмтэн хүн өөрийн итгэл үнэмшлээ шинжлэх ухаантай эрээ цээргүй хутгаж боломгүй санагддаг. Хувь хүнийхээ хувьд ямар ч шашин шүтэж болох ч эрдэмтэн хүнийхээ хувьд аливаа асуудалд шинжлэх ухааны мэдлэгт тулгуурласан үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой. Би хувь хүнийхээ хувьд Буддын шашныг биширдэг. Гэхдээ түүнийгээ шинжлэх ухаантай хольж болохгүй л дээ. Гэтэл одоо үед "хулхи шинжлэх ухаан", "шашны нөлөөт шинжлэх ухаан"-ы "боловсон" хандлагууд бий болж байгаа нь тоогүй хэрэг. Энэ бол зөвхөн Монголд л дэлгэрээд байгаа юм биш. Тухайлбал, квант физик, биогенетик гэх мэт салбаруудад ийм хандлагууд ажиглагддаг л юм. Квант бичил ертѳнцѳд юмс үзэгдлийн харилцан шүтэлцээ их ѳвѳрмѳц. Ажиглагчийн нѳлѳѳнѳѳс болж тухайн үзэгдлийн мѳн чанар эрс тэс өөрөөр хэмжигдэх боломжтой. Гэхдээ энэ нь дорнын гүн ухааны арга-билигийн ухагдахууныг шууд хуулбарлах ёстой гэсэн үг хараахан биш болов уу. Ѳнѳѳдѳр АНУ-ын нэр нѳлѳѳ бүхий хэсэг бүлэг улс тѳрчид, эрдэмтэд "ухаалгаар шийдэхүй” \inteliegent design\ гэдгээр Дарвины хувьслын онолыг орлуулж ерѳнхий боловсролын хичээлийн программд оруулах гэж олон жил мэрийж байгааг би эрдэмтнийхээ хувьд буруу гэж үздэг.

 Дөрөв: Нийгмийн шинэчлэлийн төлөөх идэвхи

Г.Галбадрах: -Г.Ариунболд гэдэг хувь хүнийх нь талаас олж харвал? Г.Ариунболд: - Гадаадад олон жилээр сурч хөдөлмөрлөж, амьдарч явахдаа би монгол хүн гэдгээ хором бүрт мэдэрдэг. Нэр төр, ажил төрөл, эд хөрөнгө, өмссөн хувцас бүгдийг нь Ариунболд гэдэг хүнээс хураагаад авчихвал "надад юу үлдэх вэ?", "би хэн бэ?" гэж өөрөөсөө асуудаг. Тэр үед "-Би чинь Монгол хүн шүү дээ!" гэж л өөртөө хариулдаг. Ядарч зүдэрч, жаргаж баярлаж явсан ч би Монгол хүн. Яагаад гэвэл миний судсаар Монгол цус гүйж байгаа болохоор сэтгэлд минь ямагт Монголын тухай л бодол эргэлддэг. Монголд миний тус одоо л хэрэг болж байж ч магадгүй гэж бодсон. Тийм болохоор ирэх оноос эх орондоо очиж өөрийн чадах зүйлээрээ бодит тус нэмэр болохоор сэтгэл шулуудсан. Эрдмийн ажлаа үргэжлүүлээд хийгээд явах бололцоо, тодорхой амжилтад хүрэх, тэр хэрээрээ амьдралын баталгаагаа бий болгох боломж надад бүрэн бий. Гэхдээ энэ цаг үед би Монголдоо илүү тус болох юм шиг надад санагдаад байгаа. Энэ нь сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд өнгөцхөн хандаж байгаа зүйл огт биш л дээ. Г.Галбадрах: - Тийм ээ, энэ цаг үед монгол хүн бүрт Монгол орныхоо төлөө хүргэх ямар нэгэн тус хэрэгтэй болж байгаа байх гэдэг бодолтой тань санал нийлж байна. Г.Ариунболд: - Заавал эд хөрөнгөөр туслах биш, бас хэрэгтэй хүндээ мэдлэг, сэтгэлийн дэм өгөх юм сан гэж бодож байна. Гадныхныг харахад нийгмийн идэвхитэй, олон нийтийн сайн сайхны төлөө ажилладаг сайн дурын байгууллага, хүмүүс их байдгийг анзаарлаа. Бусдад тус хүргэсэндээ сэтгэл хангалуун байж, түүнийгээ амьдралынхаа хэв маяг болгосон хүмүүстэй бишгүй л таарч байлаа. Энэ нь үнэндээ заавал шашинтай холбоотой байх албагүй. Гэтэл сүүлийн үед Монголоос минь сайны хажуугаар саар мэдээ ч их сонсогдох болов. Нийгэмд болж байгааг нь биш, болохгүй байгааг нь хэлж, хашгирч байдаг хүмүүсийг активистууд \идэвхтнүүд\ гэдэг юм билээ. Г.Галбадрах: -Энэ бол зөвхөн Монголд ч биш дэлхийн хэмжээнд байдаг нийтлэг үзэгдэл. Г.Ариунболд: - Дэлхийн хэмжээнд тийм жишээнүүд зөндөө олон бий. Жишээ нь: 1. Эмч хатагтай Хелен Калдикотт \Helen Caldicott\ байна. Энэ хүн эмч бөгөөд Харвардад багшилж байгаад активист болж байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор учруулж заналхийлж буй цөмийн аюулын эсрэг 1980 оноос өнөөдрийг хүртэл тэмцсээр байгаа нэр хүндтэй эрхэм \дэлгэрэнгүй мэдээллийг http://www.helencaldicott.com сайтаас авна уу\. 2. 1981-2009 он хүртэл Америкийн түүхэнд хамгийн удаан хугацаагаар эсэргүүцэл илэрхийлсэн суултыг хийсэн Вильям Томас \William Thomas\ ба Эллен Бенжамин Томас \Ellen Benjamin Thomas\ гэж гэр бүлийн хоёр байна.Тэдний ачаар конгрессийн гишүүн, хадагтай Элинор Нортон \Eleanor Holms Norton\ цөмийн зэвсэг хамтран хорогдуулах төсөл санаачилсан билээ. 3. Физикч Андрей Сахаров. Цөмийн зэвсгийг хамтран хоргодуулах Америкийн санаачлагыг Оросууддаа ятгаж дөнгөсөн хүн. Хэдийгээр тэрээр миний үлгэр жишээ авах хүн биш ч, физикч хүн активист байж болдгийн нэг жишээ юм. 4. Мартин Лютер Кинг бас л активист хүн. Энэ гайхамшигт хүн хүний эрхийн төлөө тайван замаар тэмцэгчдэд үлгэр дууриал болсон хүн гэдгийг бид мэднэ. Энэ мэтчилэнгээр өөр бусад олон жишээнүүд бий. Г.Галбадрах: -Харин Монголын хувьд? Г.Ариунболд: - Монголд иргэний эрх ашиг, эх орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд санаа тавьж, иргэнийхээ үүргийг ухамсарлахаас эхтэй нийгмийн идэвхитэй хэсэг зайлшгүй хэрэгтэй. Бид одоо мэдээлэл хурдацтай хөгжиж байгаа зуунд амьдарч байна. Ард иргэдийн эрх ашгийг хохироосон хэн нэгний ямар ч булхай эрт орой хэзээ нэгэн цагт заавал илэрдэг. Ард иргэдийн эрх ашгийг хамгаалж, зөрчсөн үйлдэл бүрийг харж хянах үндэсний "нүд, чих" болсон хүмүүс, байгууллагууд олширч байвал төдий чинээн сайн. Тэгж байж л нийгэм эрүүлшинэ шүү дээ. Г.Галбадрах: -Чиний ярьж байгаа зүйлтэй санал нийлж байна. Өнөөдрийн бидэнд ирж байгаа олон мэдээллүүдээс чухал гэж үзэж байгаа асуудлуудыг тань сонирхвол? Г.Ариунболд: -Монгол орон маань хөгжиж байгаа. Хөгжлийн эрэмбээр бий болж байгаа сайн сайхан зүйлүүд зөндөө байна. Гэхдээ Монгол Улсын хөгжил дэвшилд урьдчилан тооцоогүй, зарим сөрөг асуудлууд бий болж байгаа нь нууц биш. Олон жишээ тоочиж болно. Тухайлбал: 1. баталгаагүй, аюултай хүнс 2. газрын наймаа 3. лицензийн наймаа 4. хүний наймаа 5. цөмийн наймаа 6. байгаль орчны бохирдлоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндийн эрсдэл 7. дайн байлдаан болж байгаа мэт гэмт хэргийн халдлага, гэнэтийн аюул ослоор жирийн иргэд олноороо амь насаа алдаж байгаа зэрэг асуудлууд байна. Иракийн дайнд сүүлийн 9 жилийн хугацаанд амь үрэгдсэн америк цэргийн тоо 4487 байхад, дайн дажингүй энх цагийн Монгол улсад зүй бусаар амь үрэгдэгсдийн тоо жилд 3000 гарч байна шүү дээ. Энэ аймшигт тооны цаана хичнээн гэр бүл, үр хүүхэд , ахан дүүс хагацал зовлонд унасныг төсөөлөхөд ч хэцүү. 8. нинжа нарын бүхэл бүтэн арми, тэдний дунд зөрчигдөх хүний эрх 9. нийгмийн эмзэг бүлгийнхний асуудал 10. нийгмээс гадуурхагдсан хүүхэд, томчууд 11. агаарын бохирдлоос үүдэлтэй хүн амын эрүүл мэндийн асуудал гэхчилэнгээр хөвөрч өгнө. Г.Галбадрах: -Тэгэхээр энэ асуудлуудад санаа тавих, төр засгийн хийж хэрэгжүүлж байгаа болгонд нь олон нийтийн хяналт тавих байгууллагууд байх хэрэгтэй гэж үзэж байна уу? Г.Ариунболд: - Эдгээр асуудлууд жирийн иргэдийн эрх ашгийг яалт ч үгүй хөндөж байгаа тул, засаг төр зөв зохистой шийдэхэд шууд нөлөөлөх хувь хүний бас сайн дурын байгууллагуудын идэвхи санаачлага, бодит оролцоо маш чухал байна. Энэ тухай иргэд зөв мэдээлэлтэй, эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх наад захын мэдлэг боловсролтой байх зайлшгүй шаардлага гарч байна. Үүнд санаа тавих, тус дэм болох нэг ч гэсэн хүн нэмэгдвэл "далайд дусал нэмэр" болох юм даа. Г.Галбадрах: -Тэгэхээр өөрийг чинь Монголдоо буцаж очоод санаа зовоож байгаа олон асуудлуудаар өөрийн чадах зүйлээ хийхээр зорьж байгаа юм байна гэж ойлголоо. Г.Ариунболд: -Тийм ээ, тэгж шийдсэн. Өөрийн мэдсэнээ зарим хүмүүст хэлж өгье, заавал дарга болж эрх мэдэлд хүрэхдээ гол нь биш, санаж бодож байгаа зүйлээ бусадтай хамтран хийе гэж бодож байна. Гол нь монгол хүмүүстээ туслах гэсэн санаа л хөтөлж байгаа. Өнгөрсөн жил судлаач Ганхуяг гуай Халхын голын сав газраас их хэмжээний газар нутгийг "зарсан", "түрээсэлсэн" асуудлыг хөндсөн дөө. Бас Амарлингийн хөндөж байгаа "цөмийн хаягдал"-ын асуу   Гомбожавын Ариунболд  
Shuud.mn
Сонин хачин
Mongold irj bolnoo gehdee MAN MAXN ustsanii daraa ireerei tehgui bol tsagiin garz shuu!!
2013-01-04
TSG:
Mundag zaluu, bas l bidnii uyeiin niigmiig sain saihand daguulj bui zaluusiin tom tuluulul. Amjilt husie. Mongoldoo ireerei demjij hamtdaa Mongoliin tuluu ajillanaa.
2013-01-04
Mongold irj bolnoo gehdee MAN MAXN ustsanii daraa ireerei tehgui bol tsagiin garz shuu!!
bi:
erdmiin ajild ni amjilt husye. ym uzej nud tailsan hunii huviar niigemiin hugjil devshliin tuluuh ajild tan amjilt husye.
2013-01-04
Ih zub sanaatai zaluu baina. Amjilt husii.
2013-01-04
ok:
ymar mundag hun be. yagaad ene hunii tuhai manaihan bichij, yrij, shagnaj urmashuuldaggui yum be? uneheer gaihaj bna. erdmiin ajild n undur amjilt husie.
2013-01-04