Өнөө цагийн хөлбөмбөгийн “хоёр МӨНХ”
2013-01-07

Өнөөдөр Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу FIFA 2012 оны шилдгүүдээ тодруулна. Оны шилдэг гоол,  шилдэг дасгалжуулагч, шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Шударга тоглолттой баг, Бэлгэдлийн шигшээ гээд олон шалгаруулалт, шагналууд хүлээж буй ч хамгийн их анхаарал татаж буй нь FIFA-гийн “Алтан бөмбөг”-ийн эзэн буюу дэлхийн шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр хэн тодрох нь.  Испанийн Иньеста, Аргентиний Месси, Португалийн Криштиану Роналду нар “шөвгөрөөд” байгаа бөгөөд хэн нь ч  “Алтан бөмбөг”-ийг хүртсэн гайхаад байх юм алгаа. Эгэл жирийн хөлбөмбөгийн хорхойтон, фанатуудаас эхлээд эрхэм сэтгүүлчид, мэргэжилтнүүдийн ихэнх нь үзүүр түрүүнд Месси, Роналду хоёр үлдэнэ гээд байгаа. Харин би энэ жил “Алтан бөмбөгийг” бүүр Иньестад өгчихөөсэй гээд бодогдоод болдоггүй ээ. Яагаад гэж үү. Яагаад гэвэл 2012 оны (эсвэл “дэлхий сөнөөгүй жилийн” гэж тодотгож ч болох.  Манайхан чинь Маарын хээрийн түрүүлдэг наадам, Бат-Эрдэнэ аваргыг “том” Сүхбат хаядаг жилийн гээд тодорхойлохоор сайн санадаг ард түмэн шүү дээ) хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том үйл явдал буюу “ЕВРО-2012”-д түрүүлсэн, гэхдээ бүүр шилдгийн шилдэг тоглогчийн шагналыг чухам өөр хэн ч биш Иньеста л хүртсэн. Яагаад гэвэл  гурван том тэмцээнд буюу  “ЕВРО-2008”,  “WORLD CUP-2010”, “ЕВРО-2012” дараалан түрүүлсэн “Ялагдашгүй Армада”, “Улаан уур хилэн” Испанийн шигшээгийн  гол хөдөлгүүр нь болсон  намхан нуруутай Хави, Иньеста хэмээх хоёр тоглогчийн гавьяаг үнэлэх цаг нь болсон. Месси өнгөрөгч онд 91 гоол хийлээ л гээд байна. Гэтэл 1972 онд Замбийн Годфри Читалу гэдэг нөхөр 107 гоол хийж л байж, бас манай ЗИКО 1979 онд 89 удаа гоолдож л байсан байгаа юм.  Тэр хоёрт Месситэй адил Хави, Иньеста шиг сайн хагасууд  байсан эсэх нь эргэлзээтэй.  Месси өнгөрсөн жил ямар ч томоохон тэмцээнд түрүүлээгүйг бас санаарай. “Аваргуудын лиг"-т ч , Аргентиний шигшээд ч гойд амжилт гаргаагүй. Роналду  Ла Лигид аваргалсан, гэхдээ энэ бол нэг л улсын лиг. “Евро-2012”-д хүрэл медаль хүртсэн, түрүүлж чадаагүй. Ялангуяа Месси “Алтан бөмбөгийг” өмнө нь гурван удаа хүртсэн. Роналду нэг удаа.  Месси энэ жил хүртвэл дөрөв дэх удаагаа дэлхийн шилдэг болно гэсэн үг. Тэгвэл Мессиг Роналдугаас дөрөв дахин илүү хөлбөмбөгчин гэж үзэж болох уу, мэдээж үгүй. Энэ мэт олон гаргалгаа, тайлал хэлж болох. Хамгийн сүүлчийн яагаад гэвэл, хамгийн чухал ЯАГААД нь бол МЕССИ, РОНАЛДУ хоёрын аль нь шилдэг вэ гэдгийг хэлэхэд хамгийн хэцүү болохоор тэр. Минийхээр ямар болох биш, мэдээжийн хэрэг Месси, Роналду хоёрын нэг нь “Алтан бөмбөг” хүртэх байх. Гэхдээ хэн нь ч “Алтан бөмбөг” хүртсэн  өнөө цагийн дэлхийн шилдгээр хоёулаа л нэрлэгдэнэ. Манайхаар бол “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх”-ийн аль нь мундаг вэ гээд асуусантай ив ижилхээн. Баянаа аваргыг Мөөеөгүйгээр, эсвэл Мөөеө  аваргыг  Баянаагүйгээр төсөөлөх, тодорхойлох, тодотгох аргагүй шиг Мессиг Роналду ирлэж, Криштиануг Лео хурцлаагүй бол энэ хоёр ийм тоглолт үзүүлж, ийм олон гоол оруулаа ч уу, үгүй ч үү. Манайхан  “Хоёр Мөнх”-өө харьцуулж, хагаралдуулж байсан шиг Месси, Роналду хоёрыг “эчнээгээр” байлдуулж байгаа энэ үед  хэн нэгнийг нь нөгөөгөөсөө илүү гэж бүр ч болохгүй ээ. Мэдээж Месси Роналду шиг хаалттай цохилтыг хүчтэй, тааварлашгүй траектортой хийж чадахгүй. Гэхдээ бөмбөгтэй бол түүнээс ч хүрдан гүйж, бөмбөгөө хөлөндөө цавуутай юм шиг байлгаж,  санаанд оромгүй хууралт, хэдхэн агшинд, маш богино бага зайнд  хийж чадна. Месси Роналду шиг толгойгоор сайн тоглохгүй ч 165 см чацтай Мессиг 185 см нуруутай Роналдутай харьцуулах нь утгагүй. Тэгсэн хэрнээ Месси 2009 оны “Аваргуудын лиг”-ийн финалд “МЮ”-д толгойгоороо мөргөөд гоол хийж байсан шүү дээ. Мессигийн “гол зэвсэг” бол түүний зүүн хөл нь. Ихэнх гоолоо энэ л хөлөөрөө хийсэн. Ялангуяа хаалгачийн эсрэг ганцаараа гарсан тохиолдолд хэрхэхийг Месси чухам л сурах бичиг шиг заадаг. Тэгвэл Роналду баруун хөлөөрөө гарамгай тоглоно, хүчтэй цохино. Аль аль нь 11 метрийн торгуулийн цохилтыг бараг л алдахгүй ээ. Бөмбөг эзэмшилтээр бас л хэнийг нь гэхэв, Месси хууралтаа богино зайд явуут хийдэг бол Роналду зогсож байгаад ч хуурчихаж чадна. Роналду Мессигээс илүү үзэгч олонд таалагдах тоглолт, үйлдэл хийдэг. Харин аргентин эр багийн хамгийн чухал хүн байж,тоглолтын турш эрэлт хэрэгцээтэй тоглох нь элбэг. Тэгвэл Португалийн ахлагч маань хэрэгтэй агшинд  хэрэгтэй зүйлээ хийж чаддаг. Тоглолтын туршид”чимээгүй” байж байгаад л ялалтын ганц гоолыг хийчих жишээтэй. Хави, Иньеста, Фабрегас шиг хагасууд Мессиг гоол хийх бололцоо , нөхцөлийг хангалттай бүрдүүлж өгдөг бол Роналду цаг ямагт хаалга руу тэмүүлж, ганцаараа ч байсан гоолын момент гаргаж чаддаг онцлогтой. Биеийн хөгжлийн талаар Роналду Мессигээс хамаагүй илүү. Тиймээс ч Аргентиний ахлагчийг бодвол гэмтэл, бэртэл авах нь бага. Гэхдээ өсөлтийн дааврын дутагдалтай байсан Лео хүү ийм мундаг хөлбөмбөгчин болсон нь бас л бахархууштай. Мэдээж хувь хүнийхээ хувьд энэ хоёр тэс өөр, ааш зан, өнгө үзэмж, үзэл санаа ч адилгүй. Гэхдээ энэ хоёр хоёулаа дэлхийн хамгийн шилдэг хоёр, өнөө үед. Үүгээрээ ав адилхаан. Хэн нэгнийг нэгээс нь дээр, эсвэл доор битгий тавиасай л гэсэндээ ийн нуршив, хүлцэл өчье. Мессиг, эсвэл Роналдуг хэн нэгэнтэй харьцуулахыг хүсвэл “Харь гариг”-аас эрээрэй! “Алтан бөмбөгийг” хэн нь ч хүртсэн яахав.  Хөлбөмбөгийн бүрхан Та хоёрыг төрүүлсээн, тэртэй тэргүй.  

 “Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Shuud.mn
Сонин хачин
zorig:
MESSI
2013-01-07
Messi avah bhoo, onoo tsagt 91 goal gedeg uneeriin aguu, CR7 ireeduid 2 baitugai l avah bh, Iniesta giin huvid uuchlaaraa, ur chadvariin huvid nogoo 2iinhoo tald n ch hurehgui, Euro 2008 2012 WC 2010 iig Spain ii shigshee avsan bolohoos Iniesta 1raa avaagui
2013-01-07
Odoo messi
2013-01-07
bi:
enhtuvshin gej ene nuhur niitlel yaj bichih argaa nadaas avch bolno shuu minii hayag; solongost ireed zalga bi tosood avii 01053533533 messitei ter 2-g haritsuulj baival chi hulbumbug meddeggui hunii niitlel hulgaij bichdeg archaagui negen bn daa CHONAA HAKKEE
2013-01-07
messiiig guitsex xun alga odoo yed araas n unexeer jooxon doxoj baigaa n ronaldy gexdee messigiin tald n ch xurexgui bn daaa....
2013-01-07