Ойрхи Дорнодчууд юун төлөө залбирав
2013-01-14

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд болж өнгөрсөн үйл явдлуудаас хамгийн их хүмүүсийн анхаарлыг татсан  мэдээ мэдээллүүд Ойрхи Дорнодоос гарч байлаа. Мөн Пакистанд дараалсан дэлбэрэлт болж 100 гаруй хүний амь нас эрсэдсэн юм. Энэ эмгэнэлтэй хэрэг явдлын улмаас тус улсад гурав хоногийн гашуудал зарласан.

Түүнчлэн Ойрхи Дорнодын цаг агаарын таагүй байдал халдлага үймээн ихтэй энэ хатуу цагт нөхцөл байдлыг улам ч хэцүү байдалд хүргэж байна. Сири улсад барьцаанд байсан Ираны 48 иргэнийг суллуулсан, Афганистаны ерөнхийлөгч Хамид Каркай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар уулзаж хоёр улсын харилцааа хэтийн чиг хандлага болоод ирэх онуудад Афганаас гадны орнуудын цэргийг гаргах талаар ярилцсан явдал орж байна.

Ойрхи Дорнодыг хүчтэй цасан шуурга бүрхэв

Ойрхи Дорнодын зарим нутгууд хүчтэй цасан шуурганд өртөж байна. Цасан шуурганд Израйль болон Иордан орчим ихээр  өртөж байгаа юм. Тус бүс нутаг сүүлийн арваад жил  ийм хүчтэй шуурга болоогүй гэж орон нутгийн цаг агаарын хүлээлэнгээс мэдээлэв.

Шуурганы улмаас мянга гаруй айл өрх болон сургууль үйлчтлгээний газрууд тог цахилгаангүй болжээ. Хэт хүйтэн цаг агаарт хамгийн их зутарч байгаа хүмүүс бол Сирийн дүрвэгсэд болоод байна. Турк, Йордан, Ливи дэх дүрвэгсдийн хуарангуудад олон тооны иргэд амьдарч байгаа. Их хүйтнээс болж Ливид зургаан хүн осгож амь насаа алдсан гэсэн мэдээ байна. Амиа алдагсдын хоёр нь бага насны хүүхдүүд байсан бол бусад дөрөв нь насанд хүрсэн иргэд байсан аж.

Пакистанд дэлбэрэлтэд өртөж 81 хүн  амь үрэгдэв

Пакистаны баруун өмнөд нутгийн Куэтта хотод дэлбэрэлт болж 10 гаруй хүн амь үрэгдэж 150 гаруй хүн шархадсан гэсэн мэдээллийг албаны эх сурвалж мэдээлснийг ВВС агентлаг уламжилсан. Хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсны улмаас ийнхүү олон хүн өртсөн юм. Халдлагад өртсөн бүс нутагт мусульман шашинтны хэт туйлширсан үзэлтнүүд ихээр төвлөрсөн байдаг.

Эхний дэлбэрэлт хүнсний захын ойролцоо болсон бөгөөд энэ дэлбэрэлтэд 11 хүн амь насаа алдаж 27 хүн  шархадсан юм. Үүнийг амиа золиослогч этгээд үйлжээ. Харин хоёр дахь дэлбэрэлт ойролцоогоор 10 минут орчмын дараа болсон бөгөөд энэ үеэр өмнөхөөсөө хэд дахин илүү олон хүн өртөж амь насаа алдсан байна.

Халдлагын хариуцлага талибанчуудад ногдох аж.

Хамид Карзай АНУ-д айлчилж байна

Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай АНУ-д айлчлан Барак Обаматай уулзаж хэлэлцээ хийсэн. Түүний айлчлал гурван өдөр үргэлжилсэн юм. Айлчлалаар хоёр улсын ерөнхийлөгчид Афганистан дахь Америкийн цэргийн ажиллагааны хэтийн төлвийг авч хэлэлцсэн.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн баасан гаригт Хамид Карзайг Цагаан ордонд хүлээн авч уулзсан бөгөөд  энэ нь тэдний хувьд Обамаг улиран сонгогдсоноос хойшхи анхны уулзалт боллоо. Хэлэлцээрийн үр дүнд Америкийн цэргийнхэн Афганистанд явуулах байлдааны ажиллагаанд ирэх хавраас эхлэн оролцохгүй болж байна. Энэ тухай Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай хэлэлцээр хийсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.

Ирэх хавраас эхлэн тус орны аюулгүй байдлыг хангах хариуцлагыг Афганы арми авч, АНУ-ын тэнд байрлаж байгаа хүчин хэт даврагчдын “Талибан” хөдөлгөөнтэй хийх тэмцэлд нь туслах үүрэгтэй болж байгаагаараа анхаарал татсан үйл явдлаар нэрлэгдэж байна.

Сирийн босогчид барьцаалсан ираны 48 иргэнийг суллав

Сирийн засгийн газар өнгөрөгч наймдугаар сараас хойш босогчдод барьцаалагдсан Ираны 48 иргэнийг суллуулахын тул шоронд хоригдож байгаа 2130 иргэнийг суллахаар тохиролцож чадсан юм.

Шоронд хоригдож буй иргэдийн 76 нь охид эмэгтэйчүүд байв. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийн эсрэг тэмцэж байгаа бослого иргэний дайн болон хувирч энэ дайнд Иран улс ч Сирийн засгийн газрыг дэмжигч цөөн хүчний нэг  болсоор ирсэн. Сирийн босогчдын барьцаанд таван сар гаруйн хугацаанд байсан Иран эрчүүдийг албаныхан нийслэл Дамаскад зочид буудалд түр хугацаанд байлгаад Ираны Элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ. Турк дахь Хүмүүнлэгийн туслажийн сангийн дэд ерөнхийлөгч Хусейн Орук хэлэхдээ “Энэ бол хүмүүнлэгийн дипломат хэлэлцээрийн дагуу олон тооны  хүнийг сулласан анхны амжилттай тохиролцоо байлаа” гэдгийг мэдэгдсэн юм.

Уго Чавесийн тангараг өргөх ёслолыг албан ёсоор хойшлуулав

Венесуэлийн дээд шүүхээс ерөнхийлөгч Уго Чавесын ерөнхийлөгчийн тангараг өргөх хугацааг албан ёсоор хойшлуулах болсныг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэлд Венесуэлийн ард иргэд нь тун ч сэтгэл хангалуун байгаа юм. Харин сөрөг хүчний удирдагч Хэнрик Каприлес энэ мэдэгдлийг хүлээн авсан хэдий ч улс оронд нь үүсээд байгаа тодорхойгүй байдал аливаа шийдвэр гаргах боломжгүй энэ нөхцөлийг удаах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн.

Ерөнхийлөгч Уго Чавес хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж Кубын эмнэлэгт хэвтэж байгаа. Энэ хагалгаа түүний  хорт хавдрын эсрэг дөрөв дэх хагалгаа байсан юм. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч эрүүл мэндийн байдал нь төдийлөн сайжрахгүй байгаа. Хагалгааны дараа түүний амьсгалын аппарат бохирдсоноос уушгинд нь халдвар орсноос болж дахин бие нь мууджээ.

Хятадын сэтгүүлчид эсэргүүцлийн жагсаал хийв

БНХАУ-ын голлох хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ажилладаг сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал хийлээ. Тэд өөрсдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь халдаж хэт их цензур тавьж байгаад төр засагтаа ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Энэхүү жагсаал өнгөрсөн долоо хонот эхэлсэн бөгөөд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн  захиалгат нэвтрүүлэг цацсантай холбоотойгоор эхэлжээ.

Сэтгүүлчид өөрсдийн оюуны цэц мэргэнээ сорьж, ард иргэдийнхээ дуу хоолой болж төр засаг ард иргэдээ холбох гүүр нь болж байх ёстой байтал төр засгийн зүгээс хэтэрхий их дарамт шахалт ирж хэвлэн нийтлэх эрхийг нь боогдуулж байна гэж үзэж байгаа. Түүнчлэн нийтлэл бүрт нь хяналт тавьж хэтэрхий өөрсдийн эрх ашигт нийцүүлэх гэж оролдож байгаа нь таалагдахгүй байна хэмээн хэлж байгаа юм.

Энэ жагсаалд энгийн иргэд ч нэгдсэн бөгөөд тэдгээр хүмүүсийн олонх нь хувийн блогоороо дамжуулан нийтлэл бичдэг иргэд байжээ. Блогчдын хувьд ч хэвлэн нийтлэх эрх чөлөө нь боогдмол байдаг. Хэрэв өөрсдийн эрх ашшийг илүүтэй хөндөж,  төр засаг болоод эрт  мэдэлтнийг шүүмжилбэл өндөр төлбөр,  ял авч байгаа нь энэ эсэргүүцлийн жагсаалыг хийхэд хүргэж байгаа. Жагсагчид “Бид хэвлэлийн эрх чөлөөг хүсч байна. Хэвлэн нийтлэх эрх чөлөөны ардчилал манай улсад алга” хэмээн хашхиралдаж, уриа лоозон барьж төв зам талбайд цугларсан юм.

Э.Мөнхнасан

Shuud.mn
Сонин хачин