Ашиг сонирхлын зөрчил албан тушаалыг хөндөж байна уу
2013-01-15

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Зүмбэрэллхамын оронд Б.Цогоог тавьсан нь цаагуураа ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой юу хэмээх таавар дагуулсан. Гэтэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал М.Энхсайханыг ТӨХ-ны зөвлөлийн хурлаас гэнэтхэн халах шийдвэр гаргаж, үүнийхээ горыг тус хорооны дарга Ц.Нанзаддорж тэр дороо амссан. Энэ нь цаагуураа М.Энхсайхан болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хоёрын зөрчил яваандаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт тулж очлоо гэх яриа гарч байна. Томоохон албан тушаалд томилогдохдоо хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүйн улмаас заримынх нь тар хожуу танигдаж байж болох юм. Үнэхээр ч Монголд төрийн буюу нийтийн албаныханд ус агаар шиг хэрэгтэй нэгэн шинэ хуулийн хэрэгжилт маруухан байгаа нь үнэн. Энэ бол “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль юм. Үүнээс өмнө манай улсын 2005 онд нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид “Оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомжийн тулгуур зарчимд нийцүүлэн ил тод байдлыг дэмжих, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, бэхжүүлэхийг чармайна” гэж заасан байдаг. Амьдрал дээр төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол хуулиар хүлээсэн албан үүргээс нь давж гардаг явдал бишгүй тохиолддог. Иймээс ашиг сонирхлын зөрчил хаа сайгүй гардаг шүү дээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр төрийн буюу нийтийн албан тушаалтныг тодорхой баримтгүй хардаж, албаных нь нэр хүндийг гутаах байдал арилахгүй байна. Одоо засаглалыг сайруулах үүднээс төрийн албыг нийтийн алба болгон зохион байгуулах ажил явагдаж л байгаа. Энэ хууль шинэ нийгмийн шаардлага, үнэт зүйлсийг төрийн үйл ажиллагаанд бэхжүүлэх, төрийн албанд иргэдийн итгэх итгэлийг дээшлүүлэх, авлигыг арилгах, албан хаагчийн ажил хэргийг ил тод болгож, хувийн сонирхлын зөрчлөөс ангид байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх учиртай. Тиймээс ч хотын мэр Э.Бат-Үүл албан хаагчдаа авлигаас ангид байлгах тодорхой баримт бичиг боловсруулан мөрдүүлж эхэлсэн. Тэгэхээр нийтийн албаны амин сүнс болсон үнэт зүйл нь чухам юу юм бэ. Энэ нь “нийтийн ашиг сонирхол”. Түүнийг уг хуульд нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг ойлгоно гэжээ. Харин үүний дайсан нь “хувийн ашиг сонирхол” гэдэг нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ. “Хамаарал бүхий этгээд” гэж мөнөөх нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү болон эхнэр, нөхрийн эдгээр хүмүүсийг хамааруулж буй юм байна л даа. Одоогоор бидний хараахан дасал болоогүй “нийтийн албан тушаалтан” гэдэгт төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, мөн төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан багтах аж. Бас хууль тогтоомжийн дагуу, эсхүл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч, төрийн тодорхой чиг  үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан орох юм байна. “Ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно хэмээн томъёолжээАвстрийн философич Ханс Хельсен ашиг сонирхлуудын зөрчилдөөн байхгүй бол шударга ёсны хэрэгцээ ч байхгүй гэсэн нь сонирхолтой гаргалгаа юм. Урьд өмнө бидний нэг чихээр ороод нөгөө чихээр гардаг байсан “нийтийн ашиг сонирхол”, “хувийн ашиг сонирхол”, “ашиг сонирхлын зөрчил” болон “нийтийн албан тушаалтан” гэх мэт үг ийнхүү шинэ ойлголтоор баяжив. Тэгвэл нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхуйц аливаа харилцаанаас ангид байна гэсэн нь даргын дүү байгууллагынх нь хажуу бөөрөнд ломбард ажиллуулахгүй, эхнэрийнхээ найзад өрөө арай хямдхан түрээслүүлэхгүй гэсэн үг. Ер нь төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хоригложээ. Манай Засгийн газрын зарим агентлагийн байрны хананд нотариат, орчуулгын товчоо, цайны газар, канон зэрэг зарлалын самбар шиг элдэв хаяг хадаатай байдаг нь одоо харин үзэгдэхээ больжээ.. Уг нь хууль санаачлагчид төсөлдөө анх “УИХ, Засгийн газар, шүүх нэг байранд байрлахыг хориглоно” гэсэн заалт байсан ч төрийн гурван институц маань саарал ордноос өөр толгой хоргодох газаргүй учраас авч хаясан бололтой. Байр савны асуудал ч бас яамай. Харамсалтай нь 1999-2000 онд парламентад суудалтай байсан намууд хуйвалдан /АН, МСДН, МАХН/ Үндсэн хуульдаа хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Үүний балгаар Үндсэн хуульд тусгалаа олоод байсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчим гажуудаж, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно гэсэн нэмэлт өөрчлөлт орж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нэг гарт төвлөрч эхэлсэн. Их сэтгэгч Ш.Л.Монтескье “Хуулийн амин сүнс” бүтээлдээ “Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч хэрэггүй. Нэгэнт эрх чөлөөгүй нөхцөлд хараат бус шударга шүүх оршихгүй. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлд нэгтгэвэл иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болно. Хэрэв гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийг нэгтгэвэл шүүх дарангуйлагч болох бололцоотой” хэмээн бичсэн нь Монголын нийгэм, улс төрийн байдлыг тэртээ 260 жилийн өмнө толинд харсан юм шиг хэлсэн мэт санагдана. Ийм нөхцөлд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол УИХ-аас байгуулагдах хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохыг, түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар санаачлах, санал оруулахыг хориглоно гэсэн нь аргагүй юм. Сүүлийн үед өөрсдийнхөө компанийг өмөөрсөн Өршөөлийн хууль, албан тушаалтныг хариуцлагаас бултуулсан Эрүүгийн хууль, иргэд сонгогчдын бус олигархи, эрх мэдэлтнүүдийг хамгаалсан Сонгуулийн хууль, ард түмэндээ бус харийнханд дулдуйдсан Ашигт малтмалын хууль, авлигачдад ээлтэй Авлигын эсрэг хууль гээд амин сүнсгүй, тоочиж үл барах хуулиудыг эрх зүйн төсөөлөлгүй, эрээвэр хураавар 76 гишүүнтэй парламент маань шинэ жилийн үдэш, битүүний орой, наадмын өглөө хуйвалдан баталдаг болсон нь нууц биш. Монтескьегийн хэлсэнчлэн сүнсгүй хуулиудын тоо нэмэгдэх тутам хэн нэг хүн, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол гүйцэлдэж, ардчиллын тулгуур үнэт зүйл болох хувь хүний эрх чөлөө, нийтийн ашиг сонирхолд аюул учруулдгийг санах хэрэгтэй. Харин УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа бол Засгийн газрын гишүүний цалин авна. УИХ-ын гишүүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг иргэний өргөдөл, гомдолд үндэслэн УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгана гэсэн байна. Хуульд зааснаар төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо мэдүүлдгийн адил нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны аль заасанд нь өгөх үүрэгтэй юм. Албан тушаалтны ашиг сонирхлын мэдүүлэг нээлттэй төдийгүй иргэд саадгүй танилцах боломжоор хангагдана. Төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоож мөрдүүлэх үүрэгтэй бол хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг зохих журмын дагуу авах, хариуцлага хүлээлгэх эрхтэй. Мөн ашиг сонирхлын зөрчлийн талаархи мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх ёстой. Ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно. Албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана. Хэрвээ өөрийн үйл ажиллагааны шударга, төвийг сахисан байдалдаа ёс зүйн шалтгаанаар эргэлзээ төрвөл албан үүргээ гүйцэтгэхээс, эсхүл давхар ажил, албан тушаал эрхлэхээс татгалзах үүрэгтэй. Гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэххэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх хэрэгтэй. Энэ сэжмээр холбогдсон албан тушаалтан тухайн этгээдтэй холбогдох захиргааны акт гаргах, удирдах, хянах, шалгах, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүргийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхгүй. Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хоригложээ. Төрийн албанаас нийтийн албанд зүгширч байсан хүмүүс сонгуулийн дараа дахиад л халаа сэлгээнд өртсөн нь шинэковуудыг ашиг сонирхлын зөрчлийн хуулиар ахиад ташуурдах хэрэг гарч байна. Гэхдээ юуны өмнө  албан тушаалтнуудын толгойд ашиг сонирхлын зөрчлийн тухай энэ хуулийг сайтар суулгаж өгөх хэрэгтэй байна. Х.Аянга
Shuud.mn
Сонин хачин
МН:
ЭНЭ ХАЛАА СЭЛГЭЭ УТГАА АЛДАЖ БАЙНА. АЖЛЫН ТУРШЛАГА, БОЛОВСРОЛГҮЙ ТОМ ТОМ ЯРЬСАН ПАЦААНУУД ЯМАР НЭГ ШАЛГУУРГҮЙГЭЭР ШУУД ТОМИЛОГДОЖ БАЙГААГ ХЭН ХҮНГҮЙ ХАРЖ БАЙГАА. ЭЦЭСТ НЬ НЭГ ЮМ ДУУЛГАХ Л БАЙХ. ЭРТХЭН ҮҮНИЙГЭЭ БОЛИОСОЙ.
2013-02-18
Миагаа:
Ард түмний татварын мөнгөөр санхүүждэг Үндэсний олон нийтийн телевизийн захирлаар хувийн арилжааны хоёр ч телевизтэй /Ч.Даваабаяр/ ашиг сонирхлын зөрчилтэй нөхрийг тавьсан нь АН-ынханы томилгоо утгаа алдаж байгаагийн тод жишээ.
2013-01-17
одоохондоо биш гэж байгаач хэл ам намжааж байгаад жинхлээд байгааг анзаараагүй юу
2013-01-15
emnelguudiin darga nar hunii noots orlogch darga nariig shalgahgui bol buuuur davarsan abilgach nar bna daa yalanguya emneleg erhelsen orlogch tendereer estoi bayajih shig bolj bna shdee hatan haan boltson geed ooriigoo oilgotson yumnuud zondoo bna doo huuli bus olson horongo oordiig hatgaad soliorch ogch bnadaa ed nariig shalhah ilruuleh aaviin huu eejiin ohin mongol min bgaa blguidee
2013-01-15
shineer tomilogdoj bgaa uureg guitsetgegch nertei nuxuduud yag xuuli esnii tomilgoo yag mun uu bishuu.
2013-01-15
одоохондоо биш гэж байгаач хэл ам намжааж байгаад жинхлээд байгааг анзаараагүй юу