АН-ын бүлэг завсарлага авлаа
2013-01-23

ИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар ”Засгийн газарт үүрэг өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Нэр бүхий 21 гишүүний санаачлэн боловсруулсан  уг тогтоолын төслийг  УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулсан юм.

 Танилцуулгад дурдагдсанаар, Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж байгаа барилгын зориулалтыг өөрчилж Хууль Зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газрын контор болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь холбогдох бодлого, хууль тогтоомжийг зөрчсөн байх тул Засгийн газарт үүрэг өгөх тухай тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.  Түүнчлэн УИХ-аас гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тухайн эмнэлгийг зориулалтын дагуу барилга тоног төхөөрөмжөөр хангах тухай 4 жил чиглэсэн бөгөөд Засгийн газар баталж мөрдсөн төсвийн хууль, түүнийг хэрэгжүүлэх тогтоолуудыг зөрчиж уг барилгыг конторын зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан байна. Ингэснээр Засгийн газрын энэхүү хууль бус шийдвэр нь дараах нөхцөл байдлыг үүсгэж байна гэсэн юм . Үүнд:

1.Тус барилгыг бариулах шийдвэрийг УИХ-аас гаргаж 4 жил дараалан холбогдох зардлыг төсвийн тухай хуульд тусгасан тул төрийн шийдвэрийг дураараа өөрчлөх эрх Засгийн газар болон салбар хариуцсан сайдад байхгүй,

2.Энэхүү барилгын зураг төсөв нь анх эмнэлгийн зориулалтаар хийгдэж, барилга нь баригдаж тоног төхөөрөмж нь суурилагдсан тул түүнийг конторын зориулалтаар ашиглана гэвэл дахин зураг төсөв зохиож их хэмжээний нэмэлт зардал гарна,

3.Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурор, Дээд шүүх зэрэг байгууллагууд бүгд албан ажлын шаардлага хангасан, харьцангуй хожуу /1970-1980-аад оны үед/ баригдсан, зохих засвар хийгдсэн барилга байгууламжид үйл ажиллагаагаа явуулж байгаа ,

4.Хууль зүйн салбарт тусгай эмнэлэг “хэрэггүй” гэж Засгийн газар үзэж байгаа бол уг эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж төрөх эмнэлэг, эсхүл Улсын мэдлийн тусгай зориулалтын эмнэлгийн хэлбэрээр ажиллуулах нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд чухал ач холбогдолтой.

5.Хотын төвд “А” зэрэглэлийн бүсд эмнэлэг барьж болохгүй гэж Хууль зүйн яамны зарим удирдлага мэдэгдэл хийсэн. Энэ эмнэлэг урьд нь ч байсан, хотын төвд байрладаг гэдгээрээ нийслэлчүүдийн эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдол байхгүй. Хотын “А” зэрэглэлийн бүсэд Чингэлтэй дүүргийн эмнэлэг, Улсын клиникийн I,II эмнэлгүүд үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү “А” зэрэглэлийн гэх бүсэд эмнэлэг байж болохгүй гэж үзэж байгаа бол эдгээр 3 эмнэлгийг ч нүүлгэн шилжүүлэх шаардлага гарна,

6.Батлан Хамгаалах яамны харьяа Цэргийн госпиталийн шинэ эмнэлэг 2011 оноос баригдаж эхэлсэн. Салангад 3 блок барилгаас бүрдэх уг цогцолборын ажил дөнгөж цутгалтын шатанд байгаа бөгөөд нэгдүгээр гол корпусын суурыг дөнгөж энэ жил цутгаж дууссан байна. Уг барилгын эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг ямар эх үүсвэрээс хэзээ хэрхэн санхүүжүүлэх нь одоо болтол шийдэгдээгүй. Цэргийн госпиталь 300 гаруй ажиллагсадтай 310 орчим өвчтөнийг хэвтүүлж эмчлүүлэх тооцоотой, өөрөөр хэлбэл тэнд нийт дүнгээрээ 600 орчим хүн нэг зэрэг ажиллах буюу эмчлүүлэх багтаамжтай. Үүн дээр Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 300 шахам ажиллагсад шилжин ажиллана гэж тооцвол уг эмнэлэг өвчтөн хавтүүлэх оргүй болж мэдэхээр байна. Уг цогцолборын дэргэд дахин Төрийн албан хаагчдын шинэ эмнэлгийг одоогийн зураг төсвөөр барина гэвэл ойролцоогоор 4 жилийн хугацаа шаардана,

7. Тус эмнэлэгт нийт 300 орчим эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж 30 мянга хол давсан тусгай албаныхан болон тэдгээрийн гэр бүлийнхэн, жирийн иргэдэд ч үйлчилдэг,

8.Эмнэлгийн дээр дурьдсанаас бусад тоног төхөөрөмжийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлд хамруулах саналыг Засгийн газраас гаргасны дагуу тус улсын мэргэжлийн байгууллагын холбогдох хүмүүс Монгол Улсад тодорхой хугацаагаар ажиллаж шаардагдах тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж одоо уг зээлийг олгох шийдвэр гаргах гэж байгаа болно гэжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж,  уг асуудлаар нэлээдгүй саналын зөрүүтэй байсан юм.  Харин УИХ дахь АН-ын бүлэг  уг асуудлаар тус байнгын хорооны хуралдаанаас  завсарлага авч байгааг  Ж.Эрдэнэбат гишүүн дуулгалаа. Учир нь НББСШУБХ  нийгмийн асуудалтай холбоотой асуудлаа л ярих хэрэгтэй. Харин хуулийн  зөрчил үнэхээр байгаа бол  Хууль зүйн байнгын хороотой хамтарч  асуудлаа шийдэх нь зүйтэй.  Хэлсэн үгэн дээр хоосон улс төр явуулах  гээд байвал энэ маргаан хэзээ ч дуусахгүй.  Иймд энэ асуудлыг цэгцэртэл АН-ын бүлэг   завсарлага авч байна гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ Эрдэнбат чинь яасан хэцүү хүн бэ? НББСШУ-ны байнгын хороо бол УИХ-ын бусад хороодтой яг адилхан Бүтцийн нэгж шүү дээ. Эрүүл мэндийн тухай хууль зөчигдсөн бол энэ хороогоор ярихгүй хууль зүйн байнгын хороогоор ярих болж байна уу? Хууль зөрчиглсөн тухай ярих эрхгүй болл хууль батлах тухай ярих эрхгүй л юм байна даа. Ингэж дээдчүүл хууль завхруулахаа болимоор байна шүү.
2013-01-24