Спортын сэтгүүлчдийн номын баяр болно
2013-01-27

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо ирэх даваа гаригт буюу энэ сарын 28-нд “Спортын сэтгүүлчдийн номын баяр”-ыг хийх гэж  байна. Спортын төв ордонд болох номын баярт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун, А.Баярмагнай, Д.Данзан, С.Зэвсэг, Г.Золжаргал, МҮОНР-гийн сэтгүүлч Д.Гэнээ, ахмад идэвхтэн бичигч Б.Авирмэд, Л.Тогоохүү нараас эхлээд сэтгүүлч, яруу найрагч Ц.Галбадрах, сэтгүүлч Н.Энхбаяр, Б.Батзаяа, Б.Өлзийтогтох нарын үе үеийн НОМТОЙ 30 шахам сэтгүүлч оролцох юм. Лондонгийн олимпиос Монголын баг тамирчид таван цагариг дүүргэн, таван медаль хүртсэн өнгөрөгч онд Монголын спортын гишүүдээс олон уран бүтээлч ном товхимол хэвлүүлж, арвин ургацтай үджээ. Зуны олимпийн наадмын торгон мөчүүдийг дуран авайдаа буулгасан гэрэл зурагчин Ч.Ганбат өнгөрөгч онд "Монгол бөх Гиннест", “Таван цагариг” сонины сэтгүүлч, “сумо судлаач” М.Сугар-Эрдэнэ "Сүмод шингэсэн Монгол хөлс", МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Д.Өлзийсайхан "Олимпийн алдартнууд" зэрэг номоо гаргасан бол сэтгүүлч Б.Хосбаярын "Монголын баг: Лондон-2012", "Бөх" сонины сурвалжлагч С.Бадамгарав ярилцлагын номууд, мөн С.Түвдэнням, Р.Мөнхдаваа, Ж.Батмөнх, Д.Данзан нарын бүтээлүүд ч мөн олимпийн жилд олонд хүрчээ.
Б.ЭНХ
Shuud.mn
Сонин хачин