Тамхи татдаг эмэгтэйчүүд богино насалдаг
2013-01-24

1960-аад оноос эхлэн эмэгтэйчүүд тамхи татах үзэгдэл бий болж эхэлсэн. Эрчүүдээс юугаараа ч дутахгүй гэсэн үзэл нь тамхийг ч бас орхисонгүй. Уг нь эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, ярьж тайвшрах зэрэг давуу талаа ашиглан эрчүүдээс урт насалдаг нь тогтоогдсон ч сүүлийн жилүүдэд тамхинаас үүдэлтэйгээр эмэгтэйчүүдийн наслалт богинсч байгаа аж. Өдөр тутамдаа тамхийг зуршил болгон хэрэглэж, стрессээ тайлах гол хэрэгсэл болгож байгаа нь эмэгтэйчүүдэд маань тун сөрөг нөлөөтэй болохыг эрдэмтэд баталж байна. Тамхи татах нь угаас хүний биед хортой, эмэгтэй хүнд ялангуяа олон талын сөрөг нөлөө үзүүлдэг ажээ. 1960-аад оноос уушигны хорт хавдраар өвчилж нас барах эмэгтэйчүүдийн тоо огцом өссөн үзүүлэлт гарсан байна. Тэдгээр хүмүүсийн насжилт 2000 оноос залуужих хандлагатай болж ирсэнийг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж байгаа юм.  АНУ-д жил бүр хоёр сая орчим эмэгтэй тамхины гаралтай өвчлөлөөс болж хорвоог орхиж байгаа гэсэн судалгаа гарчээ. Мөн гоо сайхны мэс засал, арьс татуулах үйлчилгээнд хамрагдаж байгаа эмэгтэйчүүдийн 80-аас илүү хувь нь тамхи татдаг эмэгтэйчүүд болохыг судалгаа харуулжээ.   Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин