Сайн үйлсийн аян Есөнзүйл, Хайрхандулаан сумдын малчдыг чиглэжээ
2013-01-28

Энэ жил Монгол орны ихэнх нутагт өвөлжилт хүндэрч, зудын байдалд шилжээд байгаа. Өвөл дуусах яагаа ч үгүй, залгаад хаврын хатуу цаг ирнэ. Жил дараалсан ширүүн зуданд малчин ардууд малаа алдах, цаашлаад хотоо харлуулах тохиолдол нэн элбэг байх боллоо. Монгол түмний хүнсний гол хэрэглээ махны үйлдвэрлэлийг хангадаг малчин түмэн зуданд нэрвэгдэж малаа хорогдуулснаас зах зээлд махны үнэ нэмэгддэг болсон. Энэ асуудалд төр анхаарч байгаа ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө бид байтугай хүн төрөлхтөн хүчин мөхөсддөг нь бичигдээгүй хууль. Гэхдээ хүн бүрийн хүчин чармайлт, сэтгэлийн бэлэг, итгэлийн дэм байх аваас айх аюул бүхнийг даван туулдаг жамтай. Шууд хэлбэл энэ л хатуу цагийн буулга дор малчин түмэнд тусламжийн буухиа хэрэгтэй байдаг нь ганц үнэн. Тиймдээ ч цаг хатуурч, зуд тохиоход Монгол түмэн нийтээрээ нэгэндээ туслахаар тусламжийн цуваа гаргаж, сэтгэлийн дэм хайрладаг уламжлалтай. Үүний нэгэн жишгээр Жигүүр гранд группийн ерөнхийлөгч Д.Баттөр төрсөн нутаг болох Өвөрхангай аймгийн Есөн Зүйл, Хайрхандулаан сумдын малчдад туслахаар санаа шулууджээ. Дээрх хоёр сум руу өвс, тэжээлийн цуваа хөдөлгөх болсон нь тус группийнхэн малчдад туслахыг чухалчилдгын нэг илрэл. Энэ тухай Жигүүр гранд группийн ерөнхийлөгчөөс тодруулахад “Хүнсний гол хэрэглээ болох махны хэрэглээг хангах гол хүч бол малчин түмэн юм. Хүнд хэцүү нөхцөлд бид нар тусламжийн гараа сунгаад өвлийг өнөтэй давбал цаашид бидэнд ч хэрэгтэй. Энэ бол зах зээлийн зарчим. Бусад пүүс компаниуд ч бас иймэрхүү байдлаар малчин ардууддаа туслаж нэг өвлийг ч болов өнөтэй даван туулбал улсын маань хөгжил эдийн засагт нэмэртэй. Тиймээс суурин газрын ард түмэндээ хандан малчин түмэндээ туслахыг уриалж байна” гэсэн юм. Ер нь Д.Баттөр нутаг зонынхондоо туслах сэтгэлтэй нэгэн гэгддэг. Жил жилийн хатуу цагт энэ мэтээр нутгийн олондоо тусламж илгээхээс гадна нийгмийн олон ч ажлыг хийж байсан. Түүнийх нь нэг жишээг л дурдахад Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Өндөр гэгээн Занабазарын номын өргөөг байгуулж байв. П.Наран
Shuud.mn
Сонин хачин