Ахмадууд зөвлөлдөв
2013-02-04

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрөгч баасан гаригт Дархан-Уул аймагт “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас ахмад настнуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Мөн тус зөвлөгөөнд  УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  яамны Төрийн нарийн бичгийн дарга 0Б.Отгонжаргал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Ерөнхий сайдын зөвлөх, Кёкүшюзан Д.Батбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавелла, Дархан-уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан, Нийгмйин даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, Хадгаламж банкны дэд захирал Б.Наранхүү, Монголын ахмадын чөлөөлт холбооны тэргүүн Ц.Сүхбаатар болон холбогдох албаныхан оролцов. Зөвлөгөөний үеэр “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого”, “Насжилтийн талаархи дэлхий дахины хандлага”, “Тэтгэврийн даатгалын шинэчлэл”, “Хүүхэд, гэр бүлийн төлөвшилд ахмадын үүрэг”, “Ахмад настны нийгмийн халамж, үйлчилгээг сайжруулах бодлого”, “Хүн ам зүйн чиг хандлага, нийгэм-эдийн засгийн үр нөлөө”, “Эрүүл насжилтын талаарх бодлого”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэл”, “Насан туршийн боловсролын бодлого”, “Арилжааны банкуудын шинэлэг үйлчилгээ” зэрэг ахмад настнуудад чиглэсэн нийгмийн халамж үйлчилгээ, шинэчлэлийн бодлогын талаар мэдээлэл хийж, санал солилцсон юм. Ахмад настнуудын хувьд тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг шийдвэрлэх, ажил хөдөлмөр хийх боломж бололцоог бий болгох, зээл авахад үүсдэг хүндрэл, эрүүл мэнд эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломж зэрэг асуудлуудаар саналаа хэлж байсан. Мөн энэ үеэр “Гэр бүлийн төлөвшилт ба гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоо” сэдвийн дор ахмад настнууд Дархан-Уул аймгийн шилдэг гэр бүл, хүүхэд залуучуудын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлэгт Гэр бүлийн судалгааны төвийн захирал, ШУ-ны доктор Т.Намжил, Архангай аймгийн өндөр настны төлөөлөл Н.Нацагюм нар “гэр бүлийн хөгжилд ахмад настны үүрэг оролцоо”, “Гэр бүлийн бат бэх чанарт өгөх ахмадын зөвлөмж” сэдвүүдээр илтгэл тавьж, залуусын төлөөлөтэй харилцан санал бодлоо солилцов. Түүнчлэн энэхүү уулзалт зөвлөгөөний үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харъяа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн протезийн үзэсгэлэн, нийслэлийн дүүргүүдийн ахмад настнуудын гар урлалын бүтээл, НДЕГ-ийн тэтгэвэр халамж үйлчилгээний талаарх мэдээлэл, Хадгаламж банкны мэдээлэл зэргийг  ахмад настнуудад танилцуулж байсан юм. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Монгол Улсын хөгжлийн гол тулгуур нь хүн гэдгийг чухалчилж, иргэдийнхээ нийгэм, эдийн засгийн болон хувь хүний хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж, ирэх намрын чуулганд шинэчилсэн хуулийн төсөл оруулахаар зорьж буй. Тиймээс монголын хүн амыг ахмад настан, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, залуучууд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн таван бүлэгт хувааж, тэдгээрийн төлөөллийг оролцуулсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон хоёр дахь уулзалтыг ирэх сард Орхон аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн. Дараагийн уулзалтуудын Улаанбаатар хотод зохион байгуулна. Монгол Улсын хамгийн чухал эрдэн бол хүн. Гэтэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд монгол хүн үнэгүйдсэн. Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, эдийн засгийн тогтвортой байдал гээд маш олон асуудал орхигдсон. Хэдийгээр улс орны хөгжил, хууль дүрэмд эдгээрийг тусгаж ирсэн ч хүнтэйгээ уялдахгүй, хамааралгүй мэт явж иржээ. Тиймээс дээрх таван бүлгийн иргэдийн төлөөлөлтэй уулзан монгол хүнд нийгэм эдийн засаг, хөгжлийн ямар хөтөлбөр баримталж, зөв хууль дүрмийг бий болгох ёстой вэ гэдгийг тодорхойлох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгууллаа” гэв. Уулзалтын төгсгөлд ахмад буурлуудад зориулсан хүндэтгэлийн тоглолт сонирхуулж, улс эх орондоо ихийг хйиж бүтээж, амжилт гаргасан зарим ахмадуудад шагнал гардуулсан юм. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Erdene Manlai Altanhuyag Enhsaihan Temuujin nar ajlaa nedej sain ajillaj bna.Bayar hurgie.
2013-02-04