Шалгалтаар 1678 зөрчил илрүүлжээ
2013-02-14

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтаж, зарим нэрийн хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийснээ өчигдөр танилцууллаа. Шалгалтад нийслэлийн есөн дүүрэгт бууз, банш, хэвийн боовны үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 523 аж ахуйн нэгж, 46 нэгж салбар, 32 обьект, 1075 иргэн хамрагджээ. Шалгалтын явцад нийт 1678 зөрчил илрүүлэн 1223 буюу 72.8 хувийг газар дээр нь арилгуулж, 6 аж ахуйн нэгж, 4 салбар, 1 обьектын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 48 төрлийн 161,75 кг, 2857 ширхэг, 1683,9 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, шошгын зөрчилтэй 68 нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаалт хийлгэсэн байна. Мөн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан 1702,0 мянган төгрөгийг улсын орлого болгож, 487,98 мянган төгрөгийн үнэ бүхий 28 нэрийн 214 ширхэг архийг акт тогтоон хурааж, орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна. Хууль тогтооомж стандарт дүрэм, журам зөрчсөн 79 аж ахуйн нэгж иргэнд нийт 468 заалт бүхий 78 албан шаардлага хүргүүлж, 64 байгууллагад 9658,0 мөнгөн төгрөгийн, 40 албан тушаалтанд 2683,4 мянган төгрөгийн, 151 иргэнд 4950,0 мянган төгрөгийн нийт 17291400 төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ. Шалгалтын 70 гаруй хувийг лабораторийн шинжилгээнд хамруулсан бөгөөд 11 хүнсний зах, өргөтгөсөн хүнсний худалдаа хийж байгаа газруудад явуулын лаборатори ажиллуулж, нийт долоон төрлийн 532 бүтээгдэхүүнд есөн үзүүлэлтээр шинжилгээ хийсний  43 дээж эерэг үзүүлэлттэй гарсан байна. Нэр төрлөөр нь үзэхэд хоёр хүнсний ногооны нитрит, гурван айраг, нэг ааруулны исгэлэн стандартаас зөрүүтэй, 16 ааруул гурилын хольцтой, “Rida check”-ийн шинжилгээгээр 21 дээж нянгийн бохирдолтой гарчээ. Түүнчлэн шалгалтын явцад үйлдвэрлэж худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор нийт хүнсний бүтээгдэхүүний 1424 сорьцын аюулгүй байдлын болон эрүүл ахуй, чанарын үзүүлэлтийг шинжлүүлэн, сорилын дүнг үндэслэн, улсын байцаагчид 420 дүгнэлт гаргажээ. Сорилын дүнгээр нийт 30 сорьц хими-физикийн үзүүлэлтээр чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарсан байна. Нэр төрлөөр нь авч үзэхэд хиам, сүү, ааруул, хэвийн боов, айраг, хүнсний ногоо зэрэг багтжээ. Дээрх шалгалтыг өмнөх оны шалгалттай харьцуулахад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тоо нийт 555-аар буурсан байхад зөрчлийн тоо эсрэгээр 339-өөр, торгуулийн дүн 4255,0 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна. Мөн хадгалалтын болон хүнсний хэрэглээний шаардлага хангаагүй, хугацаа дууссан зөрчлийн улмаас устгахаар акт тогтоосон хүнсний бүтээгдэхүүний үнийн дүн өсч 1 сая 683,9 мянган төгрөг болсон байна. Энэ нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналт сайжрахгүй байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин