Канадын парламент Монголын цагаан сарыг тэмдэглэв
2013-02-16

Монголын цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, Канадын Парламентын Сенат болон Нийтийн танхимтай хамтран энэ сарын 13-ны өдөр Канадын Парламентын ордонд хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтыг Канадын Нийтийн танхимын Спикер Э.Шийэр нээж үг хэллээ. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тухай дэлгэрэнгүй үг хэлж, энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэв. Канадын Засгийн газрыг төлөөлөн Канадын Иргэншил, цагаачлалын сайд Жэсон Кенней үг хэлэхдээ Ерөнхий сайд С.Харперийн нэрийн өмнөөс Цагаан сарын мэнд дэвшүүлэв. Энэхүү ёслолын арга хэмжээнд Канадын Үндэсний батлан хамгаалахын сайд П.МакКэй, Олон улсын худалдааны сайд Э.Фаст, Олон улсын хамтын ажиллагааны сайд Ж.Фантино, Байгаль орчны сайд П.Кент, Гадаад харилцааны сайдын Парламентын нарийн бичгийн дарга Д.Обрай зэрэг Засгийн газрын танхимын хийгээд Сенат болон Нийтийн танхимын гишүүд оролцов. Мөн Оттава хотноо амьдарч буй Монгол иргэд өргөнөөр оролцсон болно. Хүлээн авалтын үеэр Монголын түүх, соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн болон видео бичлэг үзүүллээ хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
Bayar hurgee:
Canada-Mongoliinhamtiin ajillagaag ulam urgejin devjih boltugai.
2013-02-18
Sain bain. Huleen avalt heden dollar bolson be, Said aa?
2013-02-16