“Хугараагүй ноён нуруу” Б.Лхамсүрэн
2013-02-18

/Б.Лхамсүрэнгийн мэндэлсний 90 насны ойд/

Арванзургадугаар жарны хөх хулгана жил буюу 1923 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Баатар засгийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Нугаар гэх газарт нутаглах малчин эмэгтэй Бадам нэгэн хөвүүн төрүүлсэн нь түүхийн ухааны нэрт доктор, академич Б.Лхамсүрэн байсан юм. Б.Лхамсүрэн хоёр настайгаасаа өвөг эцэг Магсаржавын гэрт өсч, багаасаа бичиг үсэгт боловсорчээ. Түүний өвөө нь Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө хүчин зүтгэж, Дотоод явдлын яамны дэд сайдын албан тушаал хүртэл хашиж явсан аж. Тэрбээр үр хүүхдээ сургууль соёлын мөр хөөлгөж, эрдэм боловсролтой болгохыг эрхэмлэдэг тэр үеийн цөөн сэхээтний нэг байсан гэдэг. Б.Лхамсүрэн ч өвөөгийн захиасын дагуу эрдэм номд шамдан суралцаж, улсынхаа эрх ашиг, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө гар биеэ зориулсан хүн болсон юм. Тэрбээр ердөө 16 настайдаа сумын бага сургуульд багшилснаар ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлж байжээ. Нам, засгийн удирдлага хүртэлх өндөр түвшинд ч ажиллаж ирсэн түүний өнгөрсөн амьдрал бүхэлдээ сурч мэдэх, улс эх орон, түүх соёлоо хөгжүүлэх хүслээр жигүүрлэсэн болох нь 2003 онд бичсэн “Арван зургадугаар жаран мину” номоос нь илхэн. Одоо ч энэхүү чин хүсэлдээ үнэнч байж, үйл хэргээ үргэлжлүүлэн Шинжлэх ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнд зөвлөгчөөр ажиллаж буй. Б.Лхамсүрэн одоогийн нэрээрээ Монгол Ардын Нам буюу тухайн үеийн МАХН-ын Төв хороонд лектор, Гадаад явдлын яамны орлогч сайд, Сайд нарын Зөвлөлийн даргын орлогч, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга зэрэг нам, улстөрийн өндөр албан тушаалд сууж, түүний зэрэгцээгээр түүх, онолын сэтгэлгээний салбарт тасралтгүй ажиллаж ирсэн шилдэг сэхээтэн. Тэрбээр МАХН-ын таван удаагийн Их хурлын үндсэн баримт бичгийг боловсруулахад оролцож, Монгол Улсын гадаад бодлогыг анх удаа эрдэм шинжилгээний талаас нь тусгайлан судалж, олон улсын талбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байв. Б.Лхамсүрэн МАХН-ын онолын үйл ажиллагааг идэвхжүүлэх, үүний тулд онолын боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаардаг байсныг түүний удирдлагад олон жил ажилласан Түүхийн ухааны дэд доктор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сумьяа дурьдсан байдаг. МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтын захирлаар 1981 онд томилогдсон Б.Лхамсүрэн Нийгмийн ухааны институт болгон өөрчлөн байгуулж, намын байгуулалт, социалист байгуулалтын онол хэлтсүүдээр өргөтгөж, нам улстөрийн ажилчдыг дотоод гадаадын Их, дээд сургуулийн шидэг боловсон хүчнээр хангах ажлыг зохион байгуулсан гавъяатай. Түүний удирдсан нийгмийн ухааны институтид чөлөөт, шинэлэг сэтгэлгээ, олон ургальч үзэл ердийн хэм хэмжээ болж байсныг хамт ажиллаж байсан нөхөд нь одоо ч дурсдаг. Б.Лхамсүрэн 1950-иад оны хоёрдугаар хагаст ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид нэрт зохиолч Ч.Лодойдамбатай хамт суралцаж, дотно нөхөрлөж байснаа дурьдаад түүний бичсэн “Хугараагүй ноён нуруу” зохиолын гар бичмэлийг шимтэн уншсан анхны хүн болохоо өгүүлжээ. Энэ зохиолын баатартай адил тэр өөрөө ч бас төр, нийгэм, хань ижил үр хүүхэд, хамаатан садандаа “Хугараагүй ноён нуруу” нь байж ирснийг түүнтэй ойр байсан олон хүн, туулж өнгөрүүлсэн амьдрал нь, түүх гэрчилнэ. Тэрбээр нам төрийн ажилд хэлбэрэлтгүй зүтгэж байсан ч МАХН-ын онц их хурлын байгуулсан “Тойрон хүрээлэгчдийн” хэмээх комиссоор шалгагдаж, дараа нь бас шүүх прокурорын байгууллагад хүртэл байцаагдсан удаатай. Гэвч энэ бүхэн түүх болон улирч, харин Монголын томоохон түүхч, академич Б.Лхамсүрэн итгэл үнэмшил, улс төрд зарчимч чанараа хадгалан, сонгож авсан амьдралын байр суурьтаа үнэнч хэвээр үлджээ. “Хүний үзэл санааны баримтлал нэгмөсөн өөрөө бий болчихдоггүй, түүний ухамсарт үйл ажиллагааны явцад хувийн үнэмшил, итгэл оюун сэтгэлгээний үр дүн болон төлөвшдөг” гэдгийг үгийг мөрдлөг болгодогынх нь нотолгоо энэ гэлтэй. Өдгөө 90 насыг зооглоод буй Б.Лхамсрэн буурай нэгэн жарныг хол давж элээхдээ улс эх орондоо хийж бүтээсэн зүйл их. Тэрбээр нам, засгийн бодлого шийдвэрийг ард түмэнд сурталчлан хүргэх, хэрэгжүүлэн биелүүлэхэд дөхөм үзүүлэх зорилготой үзэл суртал, хүмүүжлийн ажлын салбарт залуу халуун нас, хүч мэдлэгээ зориулсан байдаг. Монголын төр, засаг түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж “Алтангадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор гурван удаа, Сүхбаатарын одонгоор тус тус шагнажээ. Арванзургадугаар жарны Монгол орны түүх, нийгэм, улс төр, оюун санааны амьдралын олон чухал үйл явдалд биечлэн оролцож явсан нь түүнийг нам төрийн үзэл суртлын “амьд түүх” болгосон билээ.

Эх сурвалж: http://top.mn

Shuud.mn
Сонин хачин