“Холбоодын цом” тэмцээн энэ сарын 13-нд эхэлнэ
2011-11-09

"TLG-13" ТББ,  "М Си Эс" Кока кола компани, UNITEL групп хамтран зохион байгуулж буй “Холбоодын цом”  сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд эхлэх гэж байна. Өмнөх жилүүдэд болсон  “Холбоодын цом”-оос  энэ жилийн тэмцээн нь Монголын сагсан бөмбөгийн спортод  20 жил хүчин зүтгэсэн бидний нэрлэж сурснаар Жажа буюу Д.Энхсайханы нэрэмжит болохоороо онцлог болох юм. Түүний хувьд  монголын сагсан бөмбөгийн спортод 1991 оноос хойш талбайн шүүгчээр ажиллаж, улмаар одоогийн сагсан бөмбөгийн  номер нэг  шүүгч болсон бөгөөд Монголын сагсан бөмбөгийн спортод оруулсан хувь нэмрийг үнэлж тус тэмцээнийг түүний нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Тус тэмцээн нь сонирхогчдын Спрайт лиг болон Ниссан дээд лигийн баг тамирчдын хооронд туршлага солилцох, шилдэг баг болон шинэ залуу баг, тамирчдыг тодруулах  зорилготойгоор  3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн тэмцээнд  Спрайт супер лигийн энэ жилийн аварга ИНЕГ-ын “Буянт ухаа”,  өнгөрсөн жилийн аварга “Хасу мегаватт”, мөн  “Хөвсгөл нэг үе”, “ОТИС”,  “Хаан банк”, “Cass SBL”  зэрэг супер лигийн 8 баг орох бол одоо үргэлжилж байгаа Спрайт хөгжлийн лигээс  Эрдэнэдрийлинг RIGS, Panasonic, Танан импекс, Суруга Монгол, ДХИС-ийн  Шонхорууд зэрэг шилдэг багууд  орно. Харин дээд лигийн 4-5 баг орохоор мэдэгдээд байгаа бөгөөд нийт 20-иод баг “Холбоодын цом”-ын аваргын төлөө өрсөлдөх аж.

Тэмцээний техникийн зөвлөгөөн  маргааш буюу 2011 оны 11 сарын 10-ны 18 цагт СТО-ны хурлын танхимд болно. “Холбоодын цом”-ын тэргүүн байранд  шалгарсан баг аваргын цом,  3 сая төгрөг, медаль, өргөмжлөл хүртэх бол дэд байранд орвол 2 сая, гуравдугаар байранд орсон баг нэг сая төгрөгийн эзэн болох юм.  Мөн  Спрайт болон Ниссан дээд лигийн тамирчдаас тус бүр нэг шилдэг тоглогч шалгаруулж  200000 төгрөг, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнах юм байна.

Shuud.mn
Сонин хачин