Эрүүл мэндийн даатгалаар 60 гаруй хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж болно
2013-02-22

Иргэдийн дунд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөөд л байдаг. Харин эрүүл мэндийн даатгалаар зөвхөн улсын эмнэлгүүдэд үзүүлж, оношлуулах, хэвтэн эмчлүүлэхэд л тодорхой хувийн хөнгөлөлт эдэлдэг гэсэн ташаа ойлголт байдаг байна.  Харин иргэн та өөрийн эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөнөөр Нийгмийн даатгалын газартай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд болон эмийн сангуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой юм байна. Энэ талаар бид Нийгмийн даатгалын Ерөнхий газрын ахлах ажилтан Р.Наранчимэгээс тодрууллаа.

Ахлах ажилтан Р.Наранчимэг: Нийгмийн даатгалын байгууллага нь хувийн эмнэлэг болон эмийн сангуудтай  хамтран ажиллаж байгаа нь зөвхөн энэ жил явагдаж байгаа асуудал биш.  Энэ талаар зөвхөн энэ жилээс эхлэж байна гэсэн ташаа мэдээлэл гараад байгаа.  Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль 1994 онд батлагдан  гарсан. Үүнээс хойш буюу бараг хорин жилийн хугацаанд хувийн эмнэлэг, улсын эмнэлэг, эмийн сангуудтай хамтран ажиллаж байгаа.  Харин энэ жилийн хувьд нийгмийн даатгалын байгууллага 600 гаруй эрүүл мэндийн байгууллагатай тусламж үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байгаа.  Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгалаар авсан тусламж үйлчилгээний төлбөрийг манай байгууллага төлнө гэсэн үг юм. -Одоогийн байдлаар хичнээн хувийн эмнэлгт иргэд эрүүл мэндийн  даатгалаараа хэвтэн эмчлүүлэх боломжтой вэ? -Нийслэлийн хувьд  энэ жил 209 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс одоогийн байдлаар 90 орчим хувьтай нь гэрээгээ хийгээд байгаа.  Үлдсэн хувь нь өөрсдийнх үйл ажиллагаа болон хамртах гэрээгээ бүрдүүлж өгөөгүйн улмаас гэрээ байгуулах асуудал түр хойшлогдоод байна.  Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 69 хувийн эмнэлэгтэй, 69 эмийн сантай гэрээ байгуулаад дууссан.  Харин хөдөө орон нутагт  дунджаар 2-6 хувийн эмнэлэг байдаг. Тиймээс хөдөөд аль болох иргэд олноор суурьшсан газрын эмнэлэг, эмийн сангуудтай гэрээ байгуулж ажиллаж байна. -Хувийн эмнэлгүүд  ямар шаардлага хангасан байж Нийгмийн даатгалын газартай гэрээ байгуулдаг вэ? -Бидний зүгээс шаардлага тавихаас илүү Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны  байгууллагууд нь хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх хувийн эмнэлгүүдийг сонгон шалгаруулдаг. Энэ сонгон шалгаруулалтанд тэнцсэн байгууллагуудын ирсэн нэрийн дагуу бид гэрээг байгуулдаг.  Гэхдээ өнөөдрийн байдлаар зөвхөн ор бүхий буюу хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулж байгаа. -Эмийн сангуудын хувьд мөн сонгон шалгаруулалтанд орсон эмийн сангуудтай гэрээ байгуулдаг уу? -Бид эрүүл мэндийн байгууллагаас  ирсэн жагсаалтын дагуу гэрээгээ хийдэг. Мөн бидний зүгээс биеэр явж  тухайн байгууллагуудад очин үзэж танилцдаг. Тухайлбал зэрэгцээ хоёр эмийн сангийн алинд нь өгөх  нь дээр вэ. Алслагдсан хүрээний хүн амд үйлчилж  чадаж байгаа  эсэхийг давхар  хардаг.  Өөрөөр хэлбэл арай олон иргэнд хүрэх тэр боломжийг бид хайж  хичээдэг. Болж өгвөл дүүргийн нэг нэг хороонд даатгалын үйлчилгээг хүргэх зорилготой байгаа. Ингэснээр иргэд хол явалгүйгээр хажуугаасаа эмээ аваад уух боломжийг бүрдүүлэхийг хичээж байна.  Тухайлбал Өлзийт хороолол, Гачуурт гэх мэт алслагдмал газруудад илүү анхаарч ажиллаж байна. -Эмийн сангуудаар иргэдэд ямар нэр төрлийн эмээр үйлчилдэг вэ? Үүнд хэрхэн хяналт тавьдаг вэ? -Иргэдэд эмийн сангаар үйлчлэх  эмийн жагсаалтыг мөн эрүүл мэндийн яамнаас баталдаг. Үүнд  одоогийн байдлаар 135 нэр төрлийн 390 нэрийн эмийг хөнгөлөлттэй авах боломжтой байгаа. -Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж болох эмнэлэг болон эмийн сангуудын талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ? - Манай Нийгмийн даатгалын www.ndaatgal.mn сайтын эрүүл мэндийн даатгалын газар гэсэн цонхонд орж дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Тэнд  эмийн жагсаалт болон хэвтэн эмчлүүлж болох хувийн болон улсын эмнэлгийн нэр, хаяг  байршил, утасны  жагсаалт  байгаа.   Мөн бид энэ талаараа гэрээ байгуулан ажиллаж байгаа эмийн сангууд, эмнэлгээр дамжуулан мэдээллийг иргэддээ хүргэх талаар анхааран ажиллаж байгаа. -Эмийн сангаас эм авахдаа өрхийн эмчийн лавлагаа хэрэгтэй юу? -Мэдээж өөрийн харъяа дүүргийнхээ өрхийн эмчид эхлээд  үзүүлж оношлуулан эмийн жороо авна.  Тэгээд энэ эмийн жорын бичгээр өөрт хамгийн ойр эмийн сангаас эмээ авах нөхцөлийг бүрдүүлээд байгаа.

ЭМД-ын сангаас санхүүждэг нийслэлийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Shuud.mn
Сонин хачин