Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд
2013-02-25

Өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтэд өрнөсөн онцлог сонирхолтой үйл явдлуудын  талаар тоймлон хүргэхээр бэлтгэлээ. Нэн түрүүнд хүмүүсийн анхаарлын төвд Умард Солонгос улсыг тойрсон асуудлууд байгаа юм.

Европын холбоо БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авлаа

БНАСАУ-д цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан Европын холбоо (ЕХ)  даваа гаригт тус орны эсрэг шинэ  багц хориг арга хэмжээ авчээ. “БНАСАУ-д цөмийн туршилт хийснийг бид эсэргүүцэж байгааг илтгэн харуулсан багц хатуу арга хэмжээ авлаа” гэж дипломатчид хэлжээ. Хэвлэлд мэдээлснээр, хориг арга хэмжээний дагуу БНАСАУ-ын талаар ЕХ-ны гаргасан “хар дансанд” хэд хэдэн шинэ хүний нэр, байгууллага орж  байна. Энэ хүмүүсийг ЕХ-ны нутагт  нэвтрэхийг хориглож, европын банкууд дахь тэдний дансыг битүүмжлэх ажээ. Хуулийн этгээдүүдийн тухайд гэвэл, ЕХ-ны орнуудад юмуу европын түншүүдтэй бизнес эрхлэхийг хориглосон байна. Хориг арга хэмжээнд хоёрдмол зориулалттай техник, тэрчилэн баллистик пуужингийн бүрдэл хэсгүүдийг хийхэд хэрэглэж болох систем, материал, тухайлбал хэд хэдэн төрлийн хөнгөн цагаан худалдахыг хориглохоор болсон байна.

БНАСАУ-ын эрх баригчид цөмийн туршилтад оролцсон мэргэжилтнүүдийг шагнав

БНАСАУ-д газар дор цөмийн туршилтад бэлтгэж, хийхэд оролцсон тус улсын 10 мянга гаруй эрдэмтэн, технологч, ажилчин, цэргийн барилгачин, төрийн албан хаагчид дээд цол олгож, шагнал гардуулав. Тус улсын албан ёсны мэдээллийн агентлагийн мэдээлснээр, тэднээс 100 хүнд БНАСАУ-ын баатар цол олгож, “Алх, хадуур” алтан медаль, нэгдүгээр зэргийн төрийн далбааны одон гардуулсан байна. Туршилт хийхэд оролцсон 17 хүнийг  Ким Чен Ирийн одонгоор шагнаж, 19 хүн мөн түүний нэрэмжит төрийн шагнал авч, 12 хүн ардын эрдэмтэн болжээ. “Өмнөхтэй харьцуулвал овор хэмжээгээрээ бага  ч,  дэлбэрэлтийн асар их  хүчтэй” цөмийн бөмбөгийг хоёрдугаар сарын  12-нд газар дор дэлбэлсэн юм. Туршилт “хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлээгүй” бөгөөд БНАСАУ-ыг аюул байдал, бүрэн эрхт байдлыг хангах бодит арга хэмжээний нэг хэсэг боллоо” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг тэмдэглэжээ. Энэ сарын 12-нд Умард Солонгос гурав дахь цөмийн туршилтаа хийсэн юм. Дэлбэрэлтийн хүчин чадал нь  6-7 хүртэл килотонн байсан гэж үзэж байна. Түрүүнд нь тус улс 2006, 2009 онд цөмийн туршилт хийсэн  юм.

Уго Чавес эх орондоо ирэв

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес хорт хавдрын мэс засалд орж Кубад эмчилгээ хийлгээд бараг хоёр сарын хугацаа өнгөрчээ. Түүний эмчилгээ амжилттай болж тэрбээр эх нутагтаа ирсэн байна. 14 жилийн турш төрийн эрхийг барьсан ард түмний эцэг гэгддэг тэрээр эх орондоо ирж байгаа нь венесуэлчуудын хувьд баярт үйл явдал болж байна.

Уго Чавес энэ мэдээгээ өөрийн “twitter” хуудсаараа дамжуулан жиргэж, цаашид эмчилгээгээ эх орондоо үргэлжлүүлэн хийлгэх болсноо ард иргэддээ мэдэгдсэн аж. Ерөнхийлөгчийнхөө ийнхүү жиргэснийг харсан 3.9 сая жиргээчид баярлаж буйгаа илэрхийлэн ре-твит хийжээ.  Баярт мэдээг сонссон иргэд Каракас хотын Боливарын талбайд цуглаж, хамтдаа ерөнхийлөгчийг эх орондоо эргэн ирсэн баярыг тэмдэглэв. Уго Чавес мягмар гаригт цэргийн эмнэлэгт шилжэн хэвтжээ. Нэгэнт түүний биеийн байдал  сайжирсан тул удахгүй ерөнхийлөгчийн тангаргаа өргөж ард иргэдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлнэ. Гэхдээ түүний тангараг өргөх ёслол хэзээ болох нь тодорхойгүй байна.

Саудын Арабын эмэгтэйчүүд анх удаа орон нутгийн зөвлөлд сонгогдлоо

Саудын Арабын хаан Абдулла анх удаа орон нутгийн зөвлөлд эмэгтэй хүмүүсийг тангараг өргөхийг зөвшөөрчээ. Энэ удаад 30 эмэгтэй тангараг өргөсөн байна. Тус улсад эмэгтэй хүмүүс өндөр дээд албан тушаал хашиж байгаагүй. Харин энэ улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн улс төртэй холбоотой өндөр дээд алба хашихаар болж байга нь энэ юм. Орон нутгийн зөвлөлд 150 гишүүн байдгаас 30 нь ийнхүү эмэгтэйчүүд болж байна. Ингэснээр цаашдаа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо дуу хоолой нэмэгдэх үүд хаалга нээгдэж байна гэж хэлж болно. Гэтэл энэ үзэгдлийг зөвхөн бэлэг тэмдэг төдий зүйл, эдгээр эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд ажиллахгүй гэсэн яриа мөн тараад байгаа. Зөвхөн гишүүний үүргээр санал хураахад л  оролцоно гэж зарим эх сурвалжууд хэлж байна. Ямартай ч орон нутгийн зөвлөлд эмэгтэйчүүдийн оролцоог бий болгож байгаагаа Саудын Арабын хаан Абдулла өөрийн биеэр мэдэгдэж, улсынхаа төв телевизээр ярьсан. Түүнчлэн тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирж оролцсон байна.

Тус улс сонгуулийн системдээ өөрчлөлт оруулж ирэх 2015 оноос эмэгтэйчүүдийг санал өгөх эрхтэй болгож байгаа юм.

АНУ руу довтлох кибер  халдлага ихэсч байна

Ойрын үед дэлхийн томоохон компаниуд хакеруудын халдлагад өртөх нь нэмэгдэж байна. Саяхан Faсebook компани өөрийн компьютерыг хакерын дайралтад өртсөн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Apple компанийнхан мэдэгдэл хийж тэдний ажилтнуудын заримынх нь “Mac” компьютерүүд руу хакерууд дайралт хийсэн тухай мэдэгдэв. Apple-ийн ажилтнууд компьютерын программ хангамжийг боловсруулагчдад зориулсан сайтад орсны дараа цөөн тооны компьютерүүдэд вирустай код нэвтэрсэн гэнэ. Өмнө нь Apple өөрийн “Мас” компьютерүүдыг вирусын эсрэг сайтар хамгаалагдсан хэмээн сурталчилж байсан. Үүгээрээ тэд Microsoft-ooс хамаагүй давуу талтай хэмээн өөрсдийгөө тооцож байв. Гэвч сүүлийн жилүүдэд “Мас” компьютерийн нэр хүнд нь өсч үүнтэй зэрэгцэн олон нийтийн анхаарлын төвд орж,  хакеруудын дайралтад илүүтэй өртөх болсон тухай хэлж байгаа.

Эдгээр хакер дайралтууд нь тус улсыг түгшээх гол шалтгаануудын нэг болж байгаа. Эдгээр халдлага дайралтуудын гол эзэн нь хятадууд. АНУ-ын гаргасан судалгаагаар хятад хакеруудын цаана хятадын Ардын чөлөөлөх арми зогсож байгаа тухай мэдээлж байна. Харин Хятад улс америкийн энэ кибер халдлагад буруугүй хэмээн мэлэгдэж байгаа. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй хариу хийсэн мэдэгдэлдээ, Хятад улс хакеруудын дайралтуудад нэрвэгддэг орнуудын нэг бөгөөд тэдэнтэй тууштай тэмцэх болно гэжээ. Эдгээр кибер халдлагууд үргэлжилсээр байсан  тохиолдолд эдгээр хоёр орны хоорондын харилцаанд сөрөг нөлөө үүснэ гэж шинжээчид таамаглаж байна.

АНУ-д их цас унав

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын баруун эргийн хотуудыг бүрхээд байгаа хүчтэй цасан шуурганы улмаас үүссэн цасан хунгарыг арилгахаар зуу зуун цас арилгагч машинууд хотын төв замуудыг цэвэрлэв. Цас түрэгч машинаар замын цасыг цэвэрлэж дараагаар нь цас хайлуулах бодис цацаж төв замуудаар зорчиж байсан юм. Хотын удирдлагууд цасыг бага дээр нь арилгахгүй бол замын халтиргаа ихэсч осол гарах эрсдэл нэмэгдэнэ хэмээн энэ ажилд анхаарч ажиллаж байгаа. Одоогийн байдлаар Колорадо, Канзасын баруун хэсэг, Иллиноис мужид их хэмжээний цас орсон аж. Эдгээр нутгуудийн ихэнх хэсгээр 10-20 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтжээ. Зарим нутгаар цас биш бороотой холилдон хүйтэн шуурсан нь байдлыг тун ч хэцүүхэн болгож байгаа гэнэ. Ийм төрлийн тундас нь шийд мөсөн гулгаа үүсгэж байгаа аж. Үүнээс өмнө 2011 онд ийм хүйтэн өвөл болж байсан гэж орон нутгийн цаг агаарын албанаас мэдээлжээ.

Испанид Засгийн газрын эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн ажиллагаа болов

Засгийн газрын эдийн засгийн бодлогыг  эсэргүүцсэн жагсаалд  өнгөрсөн бямба гаригт олон арван испаничууд оролцов.  Жагсаал тус орны хэмжээнд 80 хотод болсоны хамгийн томхон аян нийслэлд болжээ. Улсын зардлыг багасгасан хийгээд улс төрийн өнөөгийн байдалд дургүйцсэн олоон мянган хүн  Мадрид хотын төв гудамжаар явж,  дараа нь Нептуны  талбайд цуглаан хийсэн байна. Тэд Мариано Рахойн засгийн газрын эдийн засгийн арга хэмжээ (хэрэгжүүлсэн төдийгүй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй), түүнчилэн ерөнхий сайд өөрөө ч холбогдсон байж магадгүй байгаа авилгын дуулиант хэрэгт дургүйцэж буйгаа илэрхийлжээ. “Олон улсын зах зээлийн шахалт, санхүүчид болон улс төрчдийн үйлдлийн улмаас тус орны тавьсан өр болон авилга нь ардчиллын сүүлийн хэдэн арван жилийн хугацаан дахь томоохон хямрал үүсгэлээ” гэж жагсагчид үзэж байна.

Э.Мөнхнасан

Shuud.mn
Сонин хачин