“Эрүүл аюулгүй ажлын байрыг дэмжигч” байгууллагуудыг шалгарууллаа
2013-02-26

“Эрүүл аюулгүй ажлын байрыг дэмжигч” байгууллага шалгаруулах болзолыг Хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв хамтран нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зарлан дүгнэв. Энэхүү болзолын үндсэн зорилго нь Үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгжээс явуулж буй үйл ажиллагаа, гаргаж буй санал санаачлагыг урамшуулан дэмжих явдал юм.

Ажилтан хүн эрүүл аюулгүй ажлын байрны орчин нөхцөлд ажиллах асуудал эрхэм зорилт болж буй өнөө үед 2012 онд уг болзлыг хэрэгжүүлэх талаар идэвхи санаачлагатай ажилласан байгууллагуудыг шалгаруулж, онооны системээр дүгнэж байр эзлүүлжээ.

ХАБЭА-н Үндэсний хорооны хурлаар хэлэлцсэн болзолд дараах байгууллагууд шалгарсан байна.

Үүнд:

                                    А. “ТОМ” аж ахуйн нэгж, байгууллагаас:

                1. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн “Баяжуулах фабрик”

                2. Улаанбаатар төмөр замын “Суудлын вагон депо”

                3. “МCS интернейшнл” ХХК

 

                                 B. “ДУНД” аж ахуйн нэгж, байгууллагаас:

                1. “М Cи Эс- Эй Пи Би” ХХК 

                2. “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК

                3. “Дарханы ДЦС” ТӨХК

 

С. “ЖИЖИГ” аж ахуйн нэгж, байгууллагаас:

                1. “Би Эй Эс Эф” ХХК

                2. Зүүнхараа дахь Барилга орон сууцны 1-р  анги

                                3. “Агни” ХХК

Харин өнөөдөр дээрх байгууллагуудад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг “M Си Эс-Эй Пи Би” ХХК дээр үзүүлэх сургууль хэлбэрээр зохион байгуулсан нь тус байгууллагын ХАБЭА-н туршлагыг бусад аж ахуй нэгж, байгууллагуудад үлгэр дууриал болгох зорилготой байлаа.

Тус арга хэмжээнд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг оролцож, Хөдөлмөрийн яам байгуулагдсанаас хойшхи хугацаанд ХАБЭА-н асуудлаар авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл хийж, эрүүл аюулгүй ажлын байрыг олноор бий болгож, осол гэмтэлгүй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд энэ болзол зохих хувь нэмэр оруулж байгааг онцлон дурьдлаа.

Мөн ХАБЭА-н үзүүлэх сургуульд Хөдөлмөрийн яамны төлөөлөл, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүд, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн ажилтнууд, эзэд, үйлдвэрчний байгууллагын төлөөлөл, Нийслэлийн төвийн дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд, Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн байцаагчид, аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд оролцож, “M Си Эс- Эй Пи Би” ХХК-ний ХАБЭА-н менежмент системийг нэвтрүүлж, сургалт, зааварчилгааг ажилчиддаа тогтмол шинэлэг хэлбэрээр явуулдаг, ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийж, аюулыг арилгах, засч шинэчлэх ажлын баг групп зохион байгуулдаг зэрэг туршлага болохуйц ажлын арга хэлбэртэй ажлын байран дээр нь үзэж танилцлаа.

Хөдөлмөрийн яамнаас ХАБЭА-н хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ХАБЭА-н менежмент системийг үр дүнтэй нэвтрүүлж, ажилчдынхаа эрүүл аюулгүй ажиллах нөхцлийг хангах, ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эмчилгээ сувилгаанд хамруулах, үйлдвэрлэлийн ослоос урьчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах талаар санаачлагатай үр дүнтэй ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг жил бүр шалгаруулж байх болзолыг шинэчлэн гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулж 2013 онд мөн дүгнэн ажиллах юм байна.

Цаашдаа энэ болзолд шалгарсан байгууллагуудын ХАБЭА-н туршлагыг нэгтгэн ном болгон гаргах, туршлагыг нийтэд дэлгэрүүлэх ажлыг ХАБЭА-н Үндэсний хорооноос хийхээр төлөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Аливаа зүйлийг оромдохоо больж ач холбогдлыг нь бодолцох цаг болжээ. Энэ үйлдвэрүүд дотроос жинхэнэ хөдөлмөрчин хүний аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай нь аль вэ? Барилгын компаниуд, уул уурхайн олборлох үйлдвэрүүдгэх мэт эрсдэл өндөртэй үйлдвэрүүдээс туршлагыг нь нэвтрүүлчих хүнд харуулчих юмтай аж ахуйн нэгж ганц ч алга уу. Хөдөлмөрийн яам байгуулагдсанаас хойш ХАБЭА-н асуудлаар ямар бодлого гаргачихсан юм болдоо. Ингэж өөрийгөө болон бусдыг хуураад хэрэггүй л баймаар юм. Ичиж амьдарцгаая л даа. Шударга байлдаа.
2013-02-26