Хөгжлийн төлөө эмэгтэйчүүд чуулж байна
2013-02-27

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй хамтран зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулган Орхон аймгийн Эрдэнэт хотод өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээ нь хүн амын хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан хүн амын бүлгүүдийн санал, бодлыг тусгах зорилгоор зохион байгуулж буй ээлжит цуврал чуулган зөвлөгөөнүүдийн нэг юм. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон 500 гаруй эмэгтэйчүүд, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, НҮБ-н хүн амын сан зэрэг ОУ-н донор байгууллагууд, салбар дундын бодлогын асуудлаар Хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яам зэрэг яамдын төлөөлөл оролцож байна. Манай Улсын нийт хүн амын 50.4 хувь нь эмэгтэйчүүд. Ажиллах хүчний 49 хувь, их, дээд сургууль төгсөгчдийн 51 хувь, мэргэжлийн болон техникийн албанд ажиллагсадын 58 хувь, багш нарын 79 хувь, эмнэлэгийн байгууллагад ажиллагсадын 82 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд улсын хэмжээгээр нийт 81.3 мянган өрх толгойлсон эмэгтэйчүүд байгаагийн дотор амьдралын ханиа алдан ганц биеэр өрх үүсгэн амьдарч буй 23.1 мянган өндөр настай эмэгтэйчүүд байдаг аж. Иймд нийт хүн амын тал хувийг эзэлдэг, хүн амын хамгийн чухал бүлэг болох эмэгтэйчүүдийн хөгжлийн талаар төр, засгийн зүгээс баримтлах шинэчлэлийн бодлого, зарчим, шинэчлэн боловсруулахаар ажиллаж буй Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогод тусгах эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлаар санал солилцож байна. Мөн энэ үеэр үр хүүхдээ сайн сайхан өсгөж, ажил амьдралдаа амжилт гаргаж яваа Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шилдэг гэр бүлийг алдаршуулах юм. АНУ-д Нью Йорк хотноо охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх сэдвийн дор удахгүй зохион байгуулагдах НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын 57-р чуулганд Монгол Улсын Засгийн газраас танилцуулах илтгэлийн үндсэн агуулгад энэхүү чуулганаас гарсан санал, зөвлөмжийг тусгах, Гэр бүлд суурилсан эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого, жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээрх орон нутгийн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх зэрэг үр дүн гарна хэмээн албаныхан үзэж байна.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
shineer gruppt orson xumuust 1000000 tugruguu uguxgui yumyy
2013-03-01