"Эзэнт гүрний соёлын дурсгалууд" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
2013-02-28

"Эзэнт гүрний соёлын дурсгалууд" гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Монголын Уран Зургийн Галерейд нээлтээ хийнэ. Ирэх сарын 18-ныг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Засгийн Газар, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Тархан Суурьшсан Монголчууд ТББ, Монголын Архитекторуудын Эвлэл хамтран зохион байгуулж, нийтэд үнэ төлбөргүй хүргэх юм. Үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хаан түүхтэй монголчууд" Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Тархан Суурьшсан Монголчууд Байгууллага Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекстан, Киргизстан зэрэг улсуудад судалгаа зураг авалтаар ажиллаж, “Монголын эзэнт гүрэн”-ий байлдан дагууллын үеийн бүтээн байгуулалт болон монголын түүхтэй холбоотой хот тосгон, хөшөө дурсгал түүхэн газруудын тухай баримтжуулан буулгасан гэрэл зургуудаас дээжлэн толилуулна. Энэхүү үзэсгэлэнд Зүчи хааны бунхан, Хүлэгү хааны байгуулсан Одон орны төвийн туурь, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан, Хүлэгү хааны байгуулсан Шинжлэх Ухааны Академи, Их Сургууль зэрэг барилга, байгууламж, цогцолбор, тууриудын гэрэл зургууд тавигдах юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин