Хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн болно
2013-03-03

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 246, 05 дугаар тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор ЕБС-ийн сурагчдын болон цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн 43 дахь жилдээ зохион байгуулагдана.  Нийслэлийн биеийн тамир, спортын газраас хоёр үе шаттайгаар зохион явуулах бөгөөд энэ жилийн цэцэрлэгийн насны ангиллын дүүргүүдийн тэмцээн энэ сарын 15-27 нд зохиогдон шилдгүүд шалгарах бол ЕБС-иудын дүүргийн тэмцээнүүд ирэх сард зохиогдох юм. Харин ирэх дөрөвдүгээр 6-ны өдөр Улаанбаатар хотын аваргууд тодорно. Сонирхуулахад, өнгөрсөн жил дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд давхардсан тоогоор нийслэлийн найман дүүргийн 100 сургуулийн 3000 гаруй сурагчид болон 70 цэцэрлэгийн 2500 гаруй хүүхэд хамрагдсан юм. Шигшээ тэмцээнд дүүргүүдээс шалгарсан 22 сургуулийн 32 багийн 322 сурагч, 16 цэцэрлэгийн 480 хүүхэд багачууд оролцсоноос ЕБС-ийн бага насны ангилалд Л.Болормаа багштай СХД-ийн “Ирээдүй” 83-р сургууль, дунд насны ангилалд Ш.Оюунчимэг багштай ЧД-ийн 5-р сургуулийн багууд түрүүлж байсан бол ахлах насны ангиллын багийн болон гурвалсан төрөлд Ц.Ганбаатар багштай СХД-ийн “Ирээдүй” 82-р сургуулийнхан түрүүлсэн. Харин цэцэрлэгийн насны ангиллын нийслэлийн шигшээ тэмцээнд нэгдсэн дүнгээр Төмөр замын V цэцэрлэг, СХД-ийн 113-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 157-р цэцэрлэгийн бяцхан тамирчид эхний гурван байрт тус тус шалгарч байсан ажээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин