“Маргаашийн наран” тоглолт боллоо
2013-03-04

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн хүмүүжигчдийн "Маргаашийн наран” урлагийн тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэн  2013 оны 03 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Тоглолтоос гадна хүмүүжигчдийн өөрсдийн гараар урласан бүтээлээр   үзэсгэлэн гаргасан. Үзэсгэлэнд оёдол, зээгт наамал, хэрээсэн хатгамал, зүү ороож оёсон бүтээлүүд, арьсан урлал, эдийн савангаар хийсэн бүтээлүүд зэрэг 110 төрлийн 260 гаруй бүтээл дэлгэгдсэн.  Бүтээлүүдээс дурьдвал үндэсний хувцас, малгай, бүс, цүнх, түрвийвч, хөөрөгний даалин, ганс тамхины уут, эдийн савангаар урласан шатар зэрэг олон бүтээлүүд байсан юм.

Энэхүү зохион байгуулж буй ажил нь хүмүүжигчдэд бие хүний төлөвшил олгох, авъяас чадварыг нь нээж хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бусдад өөрийгөө илэрхийлэх чадвар эзэмшүүлэх, өөртөө итгэх итгэлийг бий болгож, урлагийн гоо сайхнаар дамжуулан нийгэмд болон бусад хүмүүжигчдэд эерэг нөлөөлөл үзүүлэх өндөр ач холбогдолтой юм.

 Хүмүүжиж байх хугацаандаа олон зүйлийг ойлгосон ухаарлын он жилүүдийнх нь илэрхийлэл  энэхүү тоглолтоор дамжин гэр бүл, найз нөхөд, ард түмэнд хүрч байгаа юм. Тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгчдийн халуун алга ташилт хүмүүжигчдэд хамгийн сайхан сэтгэлийн бэлэг болж байсан юм.

     
Shuud.mn
Сонин хачин