50 гаруй аж ахуйн нэгж “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхтэй
2011-11-10

1998 оноос эхлэн бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын үйл жиллагаанд хэрэглэж, ашиглах ”Үндэсний тохирлын тэмдэг” (MNS марк)-ийн хэлбэр, хэмжээ, түүнд тавигдах тодорхой шаардлага үзүүлэлтийн талаар MNS 4600:1998 стандартыг мөрдөж байгаа. Хэрэглэгчдэд ийм бүтээгдэхүүн нь чанартай, найдвартай гэсэн зөв мэдээллийг өгөх боломжийг бүрдүүлдэг. Үндэсний тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүн нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюулгүй бөгөөд зохих стандартын бүр үзүүлэлт, шаардлагад тохирч байгааг илэрхийлдэг учиртай. ”Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрх авахын тулд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулалтад хамруулах  тухай  хүсэлтээ  албан бичгээр эрх бүхий баталгаажуулалтын байгууллагад (Стандартчилал, хэмжил зүйн газарт) гаргана. Ямар бүтээгдэхүүн ”Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхтэй болдог вэ? Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь түүхий эдээсээ эхлээд хэрэглэгчийн гарт хүртэлх бүх шат дамжлагыг газар дээр нь очиж үнэлгээ явуулж, тухайн стандартын шаардлагад тохирч байгааг тогтоодог онцлогтой. Ийм бүтээгдэхүүн эх орны ч бай гадаадынх ч үнэлгээний зарчим ижил байдаг. Жишээ нь: ОХУ-ын ... ХХК-ийн гурил гэхэд – ОХУ-д очиж газар тарилангийн талбайгаас эхлэн гурил үйлдвэрлэгдэн гарах, тэдгээрийн хадгалалт  хамгаалалт, тээвэрлэлт зэрэг бүхий л шат дамжлагууд дээр анхдагч үнэлгээ хийж дүгнэлт гаргах ба  үнэлгээний үр дүн эерэг гарсан тохиолдолд бүтээгдэхүүнд “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх тухай баталгаажуулалтын байгууллагын саналыг үндэслэн стандартчиллын төв байгууллагаас шийдвэр гаргадаг. Бизнесийн байгууллагынхан өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ ”Үндэсний тохирлын тэмдэг”-ийг хэрэглэх эрх авсан тохиолдолд гэрээ, хэлцэл хийх, үйлдвэрлэлийн байр эсвэл бүтээгдэхүүний шошго дээр тохирлын тэмдгээ тавьж мэдээлэл, сурталчилгаанд хэрэглэх онцгой эрх эдэлнэ. Үндэсний тохирлын тэмдэг нь гэрчилгээгээр баталгаажигдахаас гадна тодорхой хугацаатай мөн уг хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулна гэхдээ баталгаажуулалтын болон хяналтын байгууллагууд хууль, журмын хүрээнд хяналт тавьж байдаг. Тэмдэг хэрэглэх эрхийг сунгах, цуцлах, энэ тухайгаа мэдээлэх эрх нь баталгаажуулалтын байгууллагад байдаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, компани, аж ахуйн нэгж байгууллагууд бүгд л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарт онцгой анхаардаг болсоор байна. Үүний  тод жишээ нь анх 1997 онд Говь ХК, Өгөөж чихэр боов ХК, АПУ ХК  зэрэг гарын таван хуруунд багтам аж ахуйн нэгжийн 10 гаруйхан нэр төрлийн бүтээгдэхүүн  ”Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхтэй байсан бол өнөөдөр үндэсний үйлдвэрлэлийн болон импортлогч 50 гаруй  аж ахуйн нэгж байгууллагын  200 гаруй бүтээгдэхүүн энэхүү эрхийг эдэлж байна. Үүнийг дотор нь бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөөр нь ангилан авч үзвэл 74,5%-ийг хүнсний бүтээгдэхүүн, 25,5% -ийг хүнсний биш бүтээгдэхүүн тус тус эзэлж байна. Үйлчилгээний тухайд Өвөрхангай аймгийн Хужирт рашаан сувилал ХХК-ийн Сувиллын үйлчилгээ, Нимонс ХХК-ийн Авто засвар, оношлогоо, үйлчилгээний чиглэлээр ажилладаг хоёр  аж ахуйн нэгж байна. Бүс нутгаар нь авч үзвэл нийслэл хотод 17 аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө орон нутагт 35 аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь  ”Үндэсний тохирлын тэмдэг”  хэрэглэх эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын ”Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулиар  ”Үндэсний тохирлын тэмдэг”  –тэй  бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, экспорлох, импортлоход хяналт баталгаажуулалтад давтан хамруулахгүй гэж заасан байгаа нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнд ямар өндөр итгэл үзүүлж байгаагийн тод илрэл юм.
Shuud.mn
Сонин хачин