Ажилгүйчүүдийн эгнээнд би
2013-03-08

Манай ажилчин гэж  танилцуулахад “би чинь ажилчин биш ажилтан” гэж дээд сургуулийн дипломоо хамгаална. Ажилтан, ажилчин хоёрын ялгааг мэдүүлж, цагаан захтан болгосон дипломдоо талархаж, хэрийн ажлыг голсоор нэг л мэдэхнээ ажилгүйчүүдийн эгнээнд багтдаг нь дээд боловсролтой залуучуудын нийтлэг төрх болчихоод байна. XX-р зууны туршид Орос ах нарын шууд бус мэдэлд байсан монголын төр нэгдэлжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлж, ажилчин ангийг бодлогоор дэмжсэн. Таван жилийн ажлын төлөвлөгөө давуулан биелүүлэх, нам засагтаа үнэнч зүтгэсэн хүн хамгийн сайн хэмээх нэрийг ажилчин ангийхан авдаг байлаа. Бид бүхний сайн мэдэх “Би чамд хайртай” кинон дээр төгсөөд юу хийх тухайгаа ярилцаж байхдаа ангиараа ажилчин ангийн эгнээнд нэгдэх тухай ярьж байдаг.  Цаг үе уярахын эрхээр дээрээ даргатай, өөртөө чадалтай нь Орос, Герман, Унгар зэрэг улсад суралцдаг байлаа. Ажил хөдөлмөрт зүрх сэтгэлээ зориулсан нэг нь таван жилийн гавшгайч болохын тулд зүтгэнэ. Хүн болгон ажилтай, хүүхэд болгон ижил гуталтай л байсан үе. Энэ л үе соц нийгмийн үеийн нийтлэг төрх.

 Хүн бүр толгойгоо мэдэх, өөрийгөө залах эрх чөлөөг олгосон 1990 оны ардчилсан хувьсгал. Оочир дараалал, өлсгөлөн ядуурал,  тэнэмэл тавиул хүүхэд, ажилгүй архичин гэсэн тодорхойлолтууд ардчилсан хувьсгалын гавьяаг бүдгэрүүлэн дагана. Хүүхэд бүр цагаан захтан болохыг хүсч, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд хаалгаа барихад хүрсэн. Дээд боловсрол эзэмших хүсэлд хөтлөгдсөн хүүхэд, эцэг эхчүүдийн эрмэлзэл дээр тоглолт хийж, чанаргүй хувийн сургуулиуд олшров.  Үр дүн нь чадваргүй боловсон хүчин, дипломтой ажилгүйчүүд.

2007 оноос мэргэжилтэй боловсон хүчинг дэмжиж, хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн. Барилгын бүтээн байгуулалт ид өрнөсөн, уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж мэргэжлийн боловсон хүчин хэрэгцээтэй байгаа энэ үед мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг төгсөгчид ажлын байрны гачигдалд орохгүй, харин ч эрэлттэй байна.

Монгол улсын хэмжээнд одоогоор 66 мэргэжил сургалтын төв, коллеж дипломын болон мэргэжлийн үнэмлэх олгох сургалт явуулж байна. Үүнээс нийслэлд 28, төвийн орон нутгийн хэмжээнд 10, баруун бүсд 9, зүүн бүсийн нутгуудаар 4, хангайн бүсээр 8, говийн бүсээр 6 гэсэн үзүүлэлттэйгээр сургалт явагдаж байна. Эдгээр сургалтын төвүүд тогооч нарийн боовчин, барилгын засал чимэглэлчин, сантехникч, гагнуурчин, цахилгаанчин зэрэг хөдөлмөрийн зах зээл шаардаж байгаа мэргэжлүүдээр сургалт явуулж байна. Мөн уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаагаас үүдэн нарийн мэргэжлийн хүнд машин механизмийн засварчин, операторчин, машинист чиглэлийн сургалт өргөжиж байна.

Уул уурхайн компанид удирдлага, менежментийн ажил хийдэг цагаан захтнуудаас илүү үйлдвэрлэл явуулахад гар бие оролцдог нарийн мэргэжлийн ажилчин эрэлттэй байна. Жишээ дурьдахад Оюу толгой компани нийт ажилчдынхаа 90%-ийг Монгол ажилчдаар бүрдүүлэхээр зорьж байгаа бөгөөд 2012 онд 1600 ажлын байр бий болгожээ. Монгол улсын иргэний цалингийн доод хэмжээ 144.400 төгрөг байдаг бол уул уурхайн ажилчдын цалингийн доод хэмжээ 800.000-с эхэлдэг.Оюу толгой компанид уурхайн машин барьдаг эмэгтэй сард гурван сая төгрөгийн цалин авдаг тухай ерөнхий сайд бахархан ярьж байсныг санаж байна. Үүнээс үзвэл эрэлтгүй дээд боловсрол эзэмшиж дипломтой ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэж байхаар мэргэжлийн үнэмлэхтэй ажилтай, орлоготой амьдарсан нь хувь илүү  гэх дүр зураг харагдаж байна. Ажилтан биш, ажилчин боллоо гээд хүнээс илүү амьдарна уу гэхээс дутуу явахгүй цаг үе иржээ.

   
Shuud.mn
Сонин хачин
Ajilgui bolj halagdaad baigaa urged Ali Ulsan irgen be
2013-03-10